Инфляц хоёр оронтой тоонд хүрч, иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага бий боллоо
2023.06.09

Инфляц хоёр оронтой тоонд хүрч, иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлага бий боллоо

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир хуулийн төслийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон. Гэсэн хэдий ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны Нэгдүгээр улиралд 3,9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны Нэгдүгээр улиралд 7,9 хувиар өсөж, 2,4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 сарын байдлаар 3,8 тэрбум ам долларт хүрч сайжраад байна. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц хоёр оронтой тоонд хүрч  иргэдийн бодит орлогод нөлөөлж буй тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна. 

Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр төсвийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024- 2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүсэж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn