2023.06.09

Д.Сарангэрэл: 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг хэрхэн шийдэж байгаа вэ

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Засгийн газар олон жилийн дараа төсвийн тодотгол хийхдээ орлого дутснаас биш орлого давж биелсний үр дүнд тодотгол хийж байгаа нь сайшаалтай. Ихэнхдээ төсвийн тодотгол дутаж хасах маягтай орж ирдэг бол энэ удаа ард иргэдийн хүсэн хүлээж байсан асуудал тэр дундаа цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгөө нөхөж олгох тал дээр дэвшлүүд гаргаж байгаад талархаж байна.

Энэ бол хууль бус үйлдлүүд, нүүрсний хулгай, далд эдийн засагтай хийсэн тэмцлийн үр дүн гэж ойлгож байгаа. Үүнд хувь нэмрээ оруулсан хууль хяналтын байгууллагын ажилтнуудын нөр их хөдөлмөрийн үр дүн гэж үзэж байгаа учраас талархал илэрхийлье.

Энэ тэмцэл цаашдаа эрчтэй үргэлжилвэл цалин тэтгэврээ дахин нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдрал ахуй руу чиглэсэн арга хэмжээнүүдийг авах бололцоо нээгдэж байгаа гэж үзэж байна. Иргэдийн зүгээс тэтгэвэрийн асуудалд хоёр гомдол хэлж байна. Сая Б.Жавхлан сайд тодорхой хэлсэн. Нэгдүгээрт 2000 оноос өмнө тэтгэвэрт гарснаараа бид хохирч, хэлмэгдэж байгаа талаар хэлсэн. Энэ байдал хэрхэн яаж өөрчлөгдөж байгааг тодорхой жишээн дээр хэлж өгөөч.

Тэтгэврийн доод хэмжээ болох 350 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгоход нэлээн олон ахмадууд сэтгэл дундуур үлдсэн. Бид тэтгэврийн доод хэмжээ рүү орчихлоо гэж. Үүнийг хэрхэн яаж шийдэж байгааг тодорхой жишээн дээр хэлж өгөөч. Иргэд ахмадууд энэ тал дээр ойлголт дутуу байна. Мөн хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэдэгт олон иргэн талархалтай байна. Үүнийг хэзээнээс, хэрхэн яаж олгох талаар мэдээлэл өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна.

Гуравдугаар Ж.Сүхбаатар сайдаас тодруулъя. Түгжрэлийн чиглэлээр олон талын тууштай арга хэмжээнүүд авч байгаа. Үр дүн нь тодорхой хугацааны дараа гарах юм байна гэсэн ойлголтыг авлаа. Түгжрэлтэй тэмцэх, бууруулах хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээг шинэчилнэ гэсэн. Энэ ажил хэзээ явах вэ?

Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.