2022.11.10

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хөрөнгө оруулалтын ажлыг 3 жилд багтаан дуусгах гэсэн хязгаар тавьж болохгүй

УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Засгийн газраас өргөн бариагүй юм. Зарим зүйлтэй санал нийлэхгүй, тодруулах зүйл байна.

Тухайлбал 29.3.6-д тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх гэжээ. Ингэж хатуу заалт хийж болохгүй шүү дээ. Төсвийн тодотгол хийж байгаа бол тодорхой зардлыг хасаж л таарна. Урсгал зардлаас хасах юм ерөөсөө байдаггүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардлыг хасаж таарна. Ийм заалт оруулж болохгүй ээ байнгын хорооны дарга аа. Би үүнийг дэмжихгүй.

29.3.5-д шинээр эхлэх барилга байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг 3 жилд багтаан дуусгаж санхүүжүүлэх гэжээ. Ингэхээр хоёр талтай. Нэг бол том үнийн дүнтэй цөөхөн зүйл ороод, жижиг үнийн дүнтэй барилга, сургууль цэцэрлэг орохгүй асуудал үүснэ. Эсвэл дан жижиг хөрөнгө оруулалт орж ирээд, том үнийн дүнтэй бүтээн байгуулалтын ажил явахгүй болно шүү дээ. Заавал хөрөнгө оруулалтын ажлыг 3 жилд багтааж дуусгах гэсэн хязгаар хийж болж байгаа юм уу? Энэ хоёр заалтыг би дэмжихгүй байгаа юм.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.