2023.06.09

П.Анужин: Нийгмийн даатгалын багц хуулийг шийдэх платформыг оруулж ирж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.09/ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн П.Анужин:

Улсын төсөв, тодотгол хэлэлцэх үед сэтгэл төдийлөн ханамжтай байдаггүй, дундуур байдаг гэж хэлж болно. Ёроолтой, хэмжээ хязгаартай улсын төсвийг эмэгтэйчүүдийн гэж нэрлэгддэг боловч үнэндээ эмэгтэйчүүдийн биш нийгмийн суурь харилцааг, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг зохицуулж байдаг хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал, төрөх, эрүүл мэндийн асуудлыг шийдэх мөнгийг төсвийн тодотголд тавьж чаддаггүй. Энэ нь УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоо бага байдагтай шүуд холбогддог.

Өнгөц харахад тоо яриад мэт байгаа боловч шийдвэр гаргах түвшинд яриад санаачлаад байгаа зүйлүүд маань хэрэгжихдээ шууд холбогддог эдийн засаг, санхүүгийн асуудал байдаг юм. Энэ удаа хүн шиг хүн гэдэгчлэн төсөв шиг төсөв орж ирлээ гэж би харж байна. Нэг талаасаа талархаж байна. Хүүхдийн мөнгөө өгөх нь зөв. Энэ асуудал ард иргэдийн дунд маш их бухимдал төрүүлсэн. Хүүхдүүдийг ялгаврлан гадуурхсан зүйл байсан. Засгийн газар энэ үйлдлээ анхаарч хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох зүйтэй төсвийн тодотголыг оруулж ирж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг оруулж ирж байна.

Үүнээс гадна хамгийн чухал нь нийгмийн даатгалын багц хуулийг буюу Засгийн газар өөрийнхөө өргөн барьсан энэ хуулийг шийдэх үндсэн платформоо тавьж оруулж ирж байна. Энэ бол Засгийн газар тэр дундаа Сангийн яаманд алга ташиж баярлах том шийдвэр байсан. 1995 оноос хэрэгжиж эхэлсэн энэ хууль нийгмийн шаардлагатайгаа нийцэж ахиж өөрчлөгдөөгүй вэ гэхээр эдийн засгийн тооцоолол санхүүгийн асуудалтай холбоотой. Энэ чиглэл рүү мөнгө тавих, улсын төсвөөс анхаарлаа хандуулах хүчин чармайлт сул байсны гэрч шүү дээ.

Энэ удаагийн ЗГ эдийн засагтайгаа уялдуулаад төсвөө нийгмийн салбар луу чиглүүлж байна. Энэ бол том алхам. Төсвийн тодотголтойгоо уялдуулаад нийгмийн даатгалын багц хууль хэрэгжих үндсэн нөхцлөө уяж оруулж ирж байгаа нь үнэхээрийн талархалтай. Мөн төсвийн тодотголоор тэтгэврийн зөрүүг арилгана гэж буй. Иргэд энэ тал дээр дутуу ойлголттой байна. Насаараа ажилласан хүн тэтгэмжийн тэтгэвэр авдаг байсан хүмүүс эргээд адилхан болох гэж байгаа юм болов уу гэсэн буруу ойлголт яваад байна. Нийгмийн даатгалын багц хуулиар буюу төсвийн тодотголоор хэдий чинээ урт хугацаанд ажиллаж, хэдий чинээ мөнгө төлсөн хэрээрээ өөрийн тэтгэврээ бодуулдаг шударга тогтолцоог бий болгож байгаа юм шүү гэж тодотгож хэлэх нь зүйтэй.