2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцлээ
2022.11.03

2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. 

 “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих төсвийн бодлого, арга хэмжээний үр дүнд эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляцыг жилийн эцэс гэхэд 10 хувиас ихгүй түвшинд хүргэх боломж бүрдэнэ. Коронавируст халдвар “КОВИД-19”-ийн хүндрэл эхэлснээс хойш 2020, 2021 онуудад бид үе шаттайгаар буурах байсан төсвийн алдагдлын тусгай шаардлагыг нэг удаа түдгэлзүүлж, хэрэгжих хугацааг ахин нэг жилээр хойшлуулсан. Үүний улмаас  ирэх жилийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний -3.6 хувь буюу 1.9 их наяд төгрөг байхаар байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2023 оны төсвийн тохиргоо хийснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1.5 их наяд төгрөг буюу тусгай шаардлагын 2024 онд хүрэх байсан түвшин болох 2.8 хувийг нэг жилээр наашлуулан төсвийн төслийг боловсруулсан байна. 

Аудитын дүгнэлтэд Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. Төсвийн төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан тодорхой зорилт, үйл ажиллагаанд санхүүжилт тусгасан хэдий ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлээгүй, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлэх боломж хязгаарлагдмал байна гэж үзжээ.