2021.03.26

Б.Бат-Эрдэнэ: Төр газрын баялгаа мэдэлдээ авахын тулд идэвхтэй ажиллаж байгаа

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.03.26) нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулахаар болсон.

Бүрэлдэхүүнд нь Засгийн газрын тэргүүнээр ажиллаж, багийнхаа 3 сайдыг хамтарсан тушаалаар ажлын хэсэг гарган Оюутолгойн ордын зардлын хэтрэлт, зөрчил олон асуудлыг ил болгосон Н.Алтанхуяг гишүүнийг оруулж ирэхээр болж байгааг дэмжиж байна. Мөн Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар түр хорооны бүрэлдэхүүнд орж байгааг дэмжиж байна. 

У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа алдагдсан орд баялгаа төр, ард түмний мэдэлд авах, ялангуяа Оюутолгойн ордтой холбоотой маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. 2018 онд Риотинтогийн захиралуудад эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэж байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ хүрээнд олон ажил өрнөж байна. 

Түүнчлэн ТББХ-ны дарга, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бол Дубайн гэрээ хийгдэж байх үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хөл гэмтэлтэй, суга таягтай явж байхдаа ч Төрийн ордонд уг луйврын гэрээг таслан зогсоох ёстой гэж намын бүлгээс ажлын хэсэг гаргуулан ажиллаж байсан. Өнөөдөр ч ТББХ-г ахалж байгаа нь зүйтэй гэж үзэж байна." 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn