С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулахаар боллоо
2019.04.12

С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулахаар боллоо

УИХ-ын өнөөдрийн /2019.04.12/ нэгдсэн чуулган 10 цаг 10 минутад 50,7 хувийн ирцтэйгээр эхэлж С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж байна.

Хууль санаачлагчын илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

"УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн гэмт хэргийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдан олон жилийн турш хэргийг мөрдөн шалгаж, олон хүнийг сэжиглэн шалгаж байсан. Улмаар 18 жилийн дараа 2016 оны 12 дугаар сарын 27-нд анхан шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг бүлэглэж шунахайн сэдлээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг хөнөөсөн гэм буруутайд тооцож 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн юм.

2017 оны 3 дугаар сарын 14-нд давж заалдах шатны шүүхийн шийдвэр, мөн оны 8 дугаар сарын 4-нд Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн боловч уг хэргийн захиалагчийн асуудал өнөөг хүртэл тодорхойгүй, жинхэнэ эзэд нь ял завшсан хэвээр байгаа юм.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн талаар эргэлзээ, талуудын зөрүүтэй байр суурь, хүний эрхийг зөрчсөн, эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэсэн, мөн гүйцэтгэх ажиллагаа, прокурорын хяналт, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд олон зөрчил гарсан талаар олон нийтийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлийн анхаарлын төвд багтсан хэвээр байна. 

Энэ асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс уг асуудлаар 50-н удаагийн тогтоол баталж, Монгол Улсад гурван удаа ажлын хэсэг томилон ажиллуулж, санал, зөвлөмж ирүүлсэн байдаг.

Иймд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулан үүрэг бүхий Түр хороог Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулах шаардлагатай гэж үзэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар хамтран боловсруулж өргөн мэдүүлээд байна."

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэний дараа саналт хураалт явуулахад гишүүдийн 74 хувийн саналаар дэмжигдлээ.