2025.07.03

Үндэсний их баяр наадамтай түүхэн цаг хугацааны онцгой үйл явдлуудыг хамтатган тэмдэглэхээр боллоо

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулж, /2025.06.23/-ны өдөр өргөн мэдүүлж, /2025.07.03/-ны өдрийн Их хурлаар батлагдсан юм. 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10 дахь хэсэгт “Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Ардын хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэснийг “Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой болон үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардын хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ” гэж өөрчлөн найруулахаар тусгасан .

Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар зарлигаар Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч хуульд тусгайлан заагаагүй. Түүнчлэн, Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, монгол төрийг сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг дурсвал зохих түүхэн үйл явдал мөн гэж үзжээ.

Мөн 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улсад олон намын тогтолцоо үүсэж, өнөөгийн ардчилсан Үндсэн хууль батлагдсан бөгөөд иргэдийн эрх, эрх чөлөө, ил тод засаглалыг бататгахыг зорьсон тайван, хүчирхийллээс ангид эрс өөрчлөлтийн үйл ажиллагаа байсан гэдгийг тодотгов. Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, эх орондоо иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийн эрхэм зорилгоо болгосон байдаг учир Үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ эдгээр үйл явдлыг санан дурсаж, ухамсраа сэргээж байх нь зүй ёсны хэрэг хэмээн онцолж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

Үндэсний их баяр наадам бол манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёл, өв уламжлал, зан заншлийг бэлгэдсэн монголчууд бидний уламжлалт их баяр. Үндэсний их баяр наадамтайгаа хамтатгаад бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсын түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан. Монголын төрт ёсны уламжлалд бас онцгой хувь нэмэр оруулсан энэ түүхэн үйл явдлуудыг тэмдэглэж иргэдийн ой ухамсарт сануулж нэгдмэл үнэт зүйлээрээ бахархах боломж бололцоо олддог. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа Ерөнхийлөгчийн хоригийн хугацаа зэрэг асуудлаас үүдэлтэйгээр 2025 оны 7 сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхлэх боломж нь бүрдэнэ. Баяр наадмыг зохион байгуулах комисс болон бусад түвшинд өнөөдрийн хуульд орсон өөрчлөлт бүрэн тусгагдаж орж ирэхгүй байх талтай.Үүн дээр гишүүд зөв ойлгож хандаарай. Хууль батлагдчихаад байхад, хууль зөрчлөө гэдэг асуудлыг баяр наадмын өдрүүдээр хэрүүл болгож асуудал дэвшүүлэхгүй байхыг та бүхнээсээ хүсье!

Их Монгол Улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойн баяр наадамтай хамт Тулгар төр байгуулагдсаны ой, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ой, Ардчилсан хувьсгалын ойг Үндэсний их баяр наадмын тухай хуульд албан ёсоор заах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх, соёл, уламжлалыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмын агуулгыг бүрэн илэрхийлэх юм. Ийнхүү Үндэсний Их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орлоо.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа