УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2013.07.10

Ардын хувьсгал асуудал дэгдээв

УИХ өчигдрийн нэгдсэн хуралдаанаараа Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцлээ.

Тус хуулийн хэлэлцэхтэй холбогдуулан МАН-ын бүлэг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос зарим асуудлаар тодруулга авах шаардлагатай гэсэн хүсэлт гаргаж үдээс өмнөх хуралдаанаас завсарлага авлаа.

Харин үдээс хойш хуралдаан үргэлжилж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Ерөнхийлөгч тус хуулийг олон улсын өнөөгийн чиг хандлагад нийцүүлж,, олон нийтээр нээлттэй хэлэлцүүлэн. мэргэжлийн байгууллагуудаас нь санал авч байж батлах нь зүйтэй гэж үзсэн учир хориг тавьсан байна.

МАН-ын гишүүд баяр наадмын хөтөлбөр, урилга зэрэгт Ардын хувьсгалын 92 жилийн ой гэдэг үгийг хассан тухайд шүүмжлэлтэй хандаж, буруутай хүнд хариуцлага тооцох ёстой гэж байлаа. Гишүүд хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа хэллээ.

Ц.Нямдорж: Монголын ард түмэн та бүхнийг ингэж давраахгүй шүү.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ардын хувьсгал гэдэг үгийг авч хаясан төрийн албан хаагч нарт хариуцлага тооцох ёстой. Энэ чинь цаад утгаараа эх орны тусгаар тогтнол гэдэг үгийг агуулдаг. Үүнийг үгүйсгэх гээд байгаа нөхдүүдтэй эцсээ хүртэл үзнэ шүү.

Монголын ард түмэн та бүхнийг ингэж давраахгүй шүү. Хэрвээ ардын хувьсгалын гэдэг үгнээс зайлсхийгээд байгаа бол ер нь баяр наадам хийх ч хэрэг байхгүй. Юун бөхийн цол, баяр наадмын хууль вэ.

Ө.Энхтүвшин: Хууль зөрчсөн хүмүүст яаралтай хариуцлага тооцох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Хуулийн хэрэгжилтийг Засгийн газар УИХ-ын өмнө хариуцах үүрэгтэй. Баяр наадмын зохион байгуулалтад Ерөнхийлөгч, түүний Тамгын газар оролцох эрх байхгүй. Хууль зөрчсөн хүмүүст яаралтай хариуцлага тооцох хэрэгтэй.

Гадуур өлгөсөн самбаруудаа энэ шөнийн дотор соль. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нэвтрүүлэг, мэдээлэлдээ ардын хувьсгалын 92 жилийн ой гэдэг үгийг оруулахгүй байх чиглэл өгсөн сураг байна.

С.Баярцогт: АН Монголын түүхийг урт, бодит байдлаар эргэж хардаг байя гэж зорьж яваа.

УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-Манай Сэлэнгэ аймаг, Ардын хувьсгалын өлгий нутаг. Энэ нутгийн иргэн бүхэн эх түүхээрээ бахархах хүмүүжилтэй. Тиймээс би энэ асуудлыг дэмжиж байна. Хуулийг хэрэгсэхгүй байгаа төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.

Гэхдээ бүх асуудалд нэг нэгнийгээ буруутгаж, танай, манай нам гэж ханддагаа болимоор байна. Ардчилсан нам Монголын түүхийг урт, бодит байдлаар эргэж хардаг байя гэж зорьж яваа.

Гишүүд саналаа хэлсний дараагаар Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах эсэх тухай асуудлаар санал хурааж, олонхийн саналаар хоригийг хүлээн авлаа.