Н.Батцэрэг: Салбарыг толгойлж байгаа сайд нарын эрх мэдэл бүрэн болно
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг
2014.07.02

Н.Батцэрэг: Салбарыг толгойлж байгаа сайд нарын эрх мэдэл бүрэн болно

УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй Хяналтын хуулийн төслийн талаар болон чуулганаар батлагдахгүй байгаа шалтгааныг ярилцлаа.

-Хяналтын хуулийн төслийг хоёр ч удаа их хурлаар оруулсан ч хэлэлцэх эсэх дээр "уначихдаг". Ямар шалтгаан байна вэ?

Засгийн газраас өргөн бариад хоёр удаа унасан. Нэг талдаа төвлөрсөн том бүтэцтэй Мэргэжлийн хяналтын байгууллагыг тэр чигээр нь авч хаях хэрэгтэй гэсэн байр суурь байхад нөгөө талд жижиглэх ёстой гэж үзэх хүмүүс байна.

Өнөөдрийн төвлөрсөн бүтэцтэй мэргэжлийн хяналтын байгууллага зарим талаараа бизнес эрхлэгчдэд дарамт учруулдаг, хүнд суртал гаргадаг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Ийнхүү хоёр талын байр суурийн зөрчилтэйгээс олонхийн саналыг авч дэмжигдэж чадаагүй унаж байсан. Гурав дах удаагаа бол гишүүдийн зүгээс Хяналтын хуулийг өргөн барьсан юм.

-Таны зүгээс гишүүдийн хамт өргөн барьсан шалтгаан нь юу юм бэ. Энэ хуулийг зүтгүүлэх шалтгаан?

Хяналт шалгалтын төрийн чиг үүргийг үгүйсгэж болохгүй. Ер нь төрийг адалдаг, шүүмжилж, ТҮЦ шиг үйлчилгээний байгууллага мэтээр ойлгодог нь буруу хандлага. Нөгөө талдаа яахын аргагүй төрийн эрх мэдлээр далайлгаж хүнд суртал учруулдаг, ямар нэгэн далд сонирхлоо төрийн эрх мэдлээр дамжуулан хэрэгжүүлэх гэж оролддог явдал байдгийг нь мөн үгүйсгэхгүй. Гэхдээ л төр өөрийнхөө хараа хяналтыг сулруулж болохгүй нь үнэн.

Ерөнхийд нь ярихад төвлөрсөн хяналтын бүтцээр хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх ямар асуудал байна гэдгийг авч үзсэн, хоёрдугаарт нь ямар хяналтын чиг үүргүүдийг салбарын яамдуудад нь өгвөл зохилтой вэ, гуравдугаарт угаасаа хуулиар заавал хяналт тавих ёстой гэж оруулахгүй байхаар, дотоод механизмаар өөрөө өөрийгөө хянаад явчих боломжтой нь юу байна гээд гурав хувааж үзсэн.

Ингээд хүний амь нас эрүүл мэндэд шууд хохирол учруулж болохуйц  эмийн худалдаа борлуулалт гэх мэтчилэн хяналтуудыг одоогийн төвлөрсөн бүтцээр хянах ёстой. Харин зарим нэгэн тээврийн хяналт, уул уурхайн хяналтыг салбар яамд хариуцах нь дээр гэж үзсэн. Салбарыг толгойлж байгаа сайд нарын эрх мэдэл бүрэн болно гэсэн үг.

-Нэг гараараа лиценз өгөөд, нөгөө гараараа хянана гэдэг зөв үү?

Хардлага дагаж тийм бодол төрж байгаа нь нууц биш. Нөгөө талдаа ёс суртахуунтай төр улсын өмнө өргөсөн тангарагтаа үнэнч, ажлын хариуцлага ёс зүйгээ мэддэг улс төрийн албан хаагчид их байх тусмаа юмийг өнөөдрийн зарим нэгэн алдаа оноогоор биш, хөгжлийн концепцийн үүднээс авч үзвэл  хяналтыг давхар авч явдаг байвал их зөв байх юм. Бодлогоо ч бариад, хэрэгжилтийг нь хянана гэсэн үг.

Хөндлөнгийн байгууллагыг хүлээгээд суух биш, гарч байгаа болохгүй бүтэхгүй зүйлсээ өөрсдөө шийдээд явах боломжтой шүү дээ.

--Хяналт шалгалтын тоо багасах уу?

Тийм зүйл болохгүй. Хяналтын байгуулага нь чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллах юм. Тэр бодлогод нийт жилдээ хийгдэх хяналт шалгалтын тоо, шаардлагатай үед очиж хянах вэ гэдгийг зөвлөлийн эрх мэдлийн дор оруулж өгнө.

Эрсдэлд суурилсан хяналтын концепцитой байгаа. Эмийн асуудал хүний амь настай шууд холбоотой учир заавал төв байгууллага, мэргэжлийн газар нь хянах ёстой.

Харин зах зээлийн зарчмаар явж болох аялал жуулчлал гэх зэрэг салбарын хяналтыг яам нь хариуцна. Мэдээж тааруухан үйлчилгээтэй, онцгүй хоолтой газар хүмүүс очихгүй шүү дээ.

-Мэргэжлийн хяналтын газрын өөрсдийнх нь дотоод ажил, хяналт шалгалтын журам өөрчлөгдөх үү?

Ийм л ерөнхий концепцийг барьж нийгмийн эдийн засгийн амьдралд байгаа зүйлсийг бодолцож хийсэн байгаа. Өөрөөр хэлбэл нэг талдаа хяналтын чиг үүргийг орхигдуулаагүй, үнэхээр давхардаж, шалгалтыг багасгах зроилготой.

Төвлөрсөн бүтэцтэй мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд нь хэдэн шалгалт, хэдэн удаа очсоноор нь ажлыг дүгнэдэг биш, хамтран ажиллах, зөвлөгөө өгөх, эрсдэлд суурилах, урьдчилан хамтарч эрсдлийг бууруулах чиглэлээр түлхүү ажиллана.

-Эмийн бодлого хэлэлцэгдэж байгаа нь Хяналтын хуультай зөрчилддөг. Учир нь эм хүнсний зохицуулалтын агентлагийг мэргэжлийн эмийн холбоод, яамны хажууд байгуулна шүү дээ. Гэтэл одоогийн МХГ эм, хүнсний хяналтаа авч үлдэнэ гээд байгаа?

Эмийн худалдаа борлуулалт, импорт, эмийн чанар стандарт гээд олон зүйл талх зарж байгаа юм шиг яваад ирсэн буруу хандлага тогтсон.

Манай хэрэглэгчид мэдлэг сул, төрөөс нэгдсэн бодлого, хяналт тавих үйл ажиллагаа нэг хэсэг орхигдсон байсан учраас тэр байх. Эмийн талаар төрөөс баримтлах бодлого дээр нэлээн сайн цэгцэлж авах хэрэгтэй учраас ийм зйүл байгаад баярлаж байна.

-Эмийн хяналтыг МХГ хийсээр байна гэсэн үг үү, бодлого, хууль зөрчилдөх юм биш үү?

Хоёулаа зэрэг хэлэлцэгдэж байгаа учраас ажлын хэсэг гараад ярилцаж болох байх. Аль аль нь батлагдаагүй байгаа.