Хяналтын тухай  хуулийн төслийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй
өсөл санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.Тэрбишдагва танилцуулав
2014.05.06

Хяналтын тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй

Хяналтын болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва танилцуулсан юм.

Хууль тогтоомжоор эрх олгосны дагуу төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтуудыг тодорхой шалгуурын дагуу шүүж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор Хяналтын тухай хуулийн төслийг шинээр боловсруулжээ.

Нийтдээ 8 бүлэг, 51 зүйл бүхий уг хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах юм байна.

Хуулийн төсөлд “хяналтын байгууллага” гэж хуулиар тогтоосон бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагыг ойлгохоор тусгажээ.

Түүнчлэн төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг хяналтын үйл ажиллагаанд оролцуулах чиглэлээр зарим өөрчлөлт оруулахаар тусгасан байна. Тухайлбал, хяналтын байгууллага эрсдлийг тодорхойлох, эрсдлийн дүн шинжилгээ хийх, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхдээ мэргэжлийн төрийн бус байгууллага, шинжээч, мэргэжилтнийг оролцуулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой заалтуудыг тусгаж өгсөн байна.

Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд.

Мөн хяналтын давхардлыг бууруулах, аж ахуйн үйл ажиллагаанд учруулах дарамтыг багасгах, хяналтыг хяналттай хэрэгжүүлэх зорилгоор нэг жилд тухайн аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас хийх хяналтын үргэлжлэх нийт хугацааг тогтоож өгөхөөр төсөлд тусгажээ.

Түүнчлэн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, шалгалтыг давхардуулахгүй байх, нэг шалгуулагч этгээд дээр хийх нийт шалгалтын хугацааг хэтрүүлэхгүй байх, эрсдлийн үнэлгээ хийхдээ бусад салбарын эрсдлийн мэдээллийг ашиглах зорилгоор хяналтын мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар тусгасан байна.

Хяналтын үйл ажиллагаатай холбоотой иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг болон хяналтын нэгдсэн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэс, тогтолцоо, улсын байцаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйлийг хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ. Нэгдсэн хяналтын байгууллага нь нэгдсэн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр ахлуулсан Удирдах зөвлөлтэй байх бөгөөд бүрэлдэхүүнд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, нэгдсэн хяналтын төв байгууллагын дарга, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, хөдөлмөр, эдийн засгийн хөгжлийг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын төлөөлөл,нийслэлийн Засаг дарга, уул уурхай, хөдөө аж ахуй болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүдийн болон хүрээлэн буй орчин, хэрэглэгчдийн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулахаар заажээ.

Нэгдсэн хяналтын төв байгууллагын хяналтын нэгжийн бүтэц нь салбарын улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан хяналтын газруудад хуваагдах бөгөөд орон нутаг дахь нэгдсэн хяналтын байгууллагын хяналтын нэгжид салбарын улсын ахлах байцаагчаар ахлуулсан улсын байцаагчид ажиллах юм байна.

  “Төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг энэ хуулиар тодорхой болгож, салбарын хуулиар хяналтын шинэ чиглэл бий болгодог байдлыг зогсооно. Ингэснээр аливаа хуулиар шинэ төрлийн хяналт бий болгох, хуулиас гадуур буюу хуульд заасан ерөнхий зарчмаас өөрөөр төрийн аливаа байгууллага, албан тушаалтан хяналтыг хэрэгжүүлэхийг таслан зогсоох бөгөөд шинээр бий болгох хяналтыг зөвхөн энэ хуульд шинээр нэмж тусгах замаар хэрэгжүүлэх боломжтой болох юм. Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан. Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталж хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй” гэдгийг төсөл санаачлагч дурдлаа

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүд Шадар сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар саналаа хэллээ. Ингээд хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Энэ үеэр байнгын хорооны дарга А.Бакей хэлэхдээ, энэ хуулийн төсөл нь төрийн хяналтын төвлөрсөн тогтолцоог сааруулахад чиглэж байгаа төсөл гэж харж байна. Иймээс асуудалд ихээхэн нухацтай хандаж, маш сайн хууль гаргах ёстой. Энэ үүднээс хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх томоохон ажлын хэсэг гаргаж ажиллуулахын зэрэгцээ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.