Д.Тэрбишдагва: Хий хоолойг Монголоор дайруулах асуудал удахгүй шийдэгдэнэ гэсэн итгэлтэй байна
Шадар сайд Д.Тэрбишдагва
2014.05.19

Д.Тэрбишдагва: Хий хоолойг Монголоор дайруулах асуудал удахгүй шийдэгдэнэ гэсэн итгэлтэй байна

Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагватай ярилцлаа.

- Таны өргөн барьсан Хяналтын тухай хуулийн  төслийг  өнгөрсөн долоо хоногт  УИХ-аар хэлэлцэхэд уначихлаа. Юу нь болохгүй байв аа?

-Хяналтын тухай хуулийн  төсөл бол реформын шинжтэй том хуулийн төсөл. Маш олон талын харилцаа, ашиг сонирхлыг хөндөж байгаа. Үндсэндээ 100 гаруй хуулийг судалж, 83 хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан том төсөл. Энэ төсөл нь эдийн засаг, бизнесийн таатай орчныг сайжруулахад онцгой ач холбогдолтой, хэт их давхардсан олон тооны хяналт шалгалт явуулах бус бизнес эрхлэгч , аж ахуй  нэгжүүдийг дэмжихэд чиглэсэн байсан юм. Засгийн газар эрс шинэчлэл хийе гэдэг байр сууринаас энэ хуулийн төслийг боловсруулсан.

Нөгөө талаар төр бүхнийг хянаж чадахгүй учраас хамгийн гол зүйлдээ төвлөрсөн, мэргэжлийн хяналтын нэгдсэн тогтолцоог бий болгох нь чухал. Дэлхийн улс орнууд төрийн хяналтад зайлшгүй байхаас бусад хяналтыг салбарын бодлогоор зохицуулах эсвэл иргэний нийгмийн оролцоотой хэрэгжүүлдэг байх зарчим руу явж байна.  Баялаг бүтээгч нартаа илүү хүндэтгэлтэй хандаж, тэдэнд итгэл үзүүлж, зөвлөн туслах, сургалт явуулах хэлбэрээр хяналт хийдэг болсон байна. Энэ чиглэлээр хуулийн төслийг боловсруулсан учраас хуулийн төсөл маш сайн болсон гэдгийг хүмүүс хүлээн зөвшөөрч байгаа. Тэгвэл УИХ дээр яагаад дэмжигдсэнгүй вэ гэдэг асуудлыг мэдээж тавих ёстой.

Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх хуралд оролцсон зарим гишүүд  картаа хийж ирцээ бүртгүүлээд дараачийн асуудлыг хэлэлцэх  үед хуралдаа оролцоогүйгээс тэдний кноп эсрэг саналд тооцогдоод явчихсан. Тиймээс кнопны асуудлаас болоод хуулийн төсөл унасан гэж хувьдаа үзэж байгаа. Энэ  механизмыг харин сөрөг хүчин чадамгай ашиглаж байна л даа.  Тэд шинэчлэлийг үгүйсгэж, аж ахуйн нэгжийг хяналт, шалгалтаар дарамталж байхыг хүсэгчид болон хувирсанд нь харамсаж  байна.

            -Төслөө дахиад өргөн барих уу?

-Хуулийн төсөл санаачлах эрх  Засгийн газраас гадна УИХ-ын гишүүнд ч бий. Тиймээс би гишүүдтэй хамтарч дахин өргөн барина.  Хүн ам, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах хяналтын оновчтой, зөв тогтолцоо бүрдүүлэх асуудал бол нэг их улс төржөөд байх асуудал биш ээ. Хоолны хордлого үүсгэдэг бактери Ардын намын гишүүн үү,  Ардчилсан намынх  уу гэж ялгалгүй хэнийг нь ч байсан адилхан хордуулна. Тийм болохоор хяналтын зөв тогтолцоо бүрдүүлэх нь хүн бүрт хэрэгтэй. 

            -Аж ахуйн нэгжийг дарамтаас яаж гаргахаар энэ хуульд заасан бэ. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгах асуудал ч тусгагдсан гэдэг зүйлүүд яригдаж байсан…

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг байгуулсан нь зөв.

-Ер нь бол хяналт шалгалт байх ёстой. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг байгуулсан нь зөв. Гэхдээ 2003 оноос хойш энэ байгууллагын удирдлага бараг жил бүр солигдож, шинэ томилогдон ирсэн дарга болгон өөрийнхөөрөө хүнд суртлыг бий болгодог байж. Жишээ нь мэргэжлийн хяналтын байгууллагын жолооч нь хүртэл байцаагчийн үнэмлэхтэй болсон гашуун сургамж бий. Өөр бусад салбарын том дарга нарыг ч байцаагчийн үнэмлэхээр шагнадаг байж.  Энэ нь хяналтын байгууллагыг үнэ цэнгүй, хүнд суртлын аппарат болгон хувиргаж, олон нийтэд муухай харагдуулах болсон байна.

Мөн  ямар ч шаардлагагүй зүйлүүдийг хянаж шалгаж, төвөг чирэгдэл учруулдаг байж. Энэ бүхнийг цэгцлэх асуудлыг төсөлд тусгасан. Хяналтын байгууллага хүнс, эм, хүрээлэн байгаа орчин, хөдөлмөрийн аюулгүй байдалд л хяналт тавина. Бусад хяналтуудыг төрийн болон мэргэжлийн байгууллагууд өөрсдөө хийнэ. Жишээ нь соёлын өв, байгаль орчныг хамгаалах хяналтыг тус тусынх нь яамд хийдэг байхаар зохицуулсны зэрэгцээ салбарын яамд бодлогын хэрэгжилтээ хангах хяналтыг тус тусын мэргэжлийн байгууллагаар хийлгэж байхаар төсөлд тусгасан.

-Засгийн газрын ажил хэр байгаа талаар яриагаа үргэлжүүлэх үү. Сая нэг хэсэг бужигнасан ч бүх зүйлийн ард гарах шиг боллоо...

- Улс төрийн холбогдолтой оволзож байсан асуудлууд намжиж байна. Та бүхэн мэдэж байгаа нэг сайдыг өөрийнх нь хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөөллөө. Харин шинэчлэл хийе гэж зорьж байгаа сайд маань танхимдаа үлдэж чадлаа.  Манай Засгийн газар  өдөрт дор хаяж 12-оос доошгүй  цаг, бүтээлч  ажиллана гэдэг зорилго тавиад зүтгэж байна.  Боломжийн  ажиллаж байгаа гэж боддог. Мэдээж бид бүгдийг сайхан болгож байна гэж ч хэлэхгүй. Алдаа, дутагдлаа засч сайжруулахын төлөө явж байна.

            -Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тоолуур гүйж эхлээд долоо хонож байна. Энэ өдрүүдэд юу амжуулав аа?

- 100 хоногт хийх 70 гаруй ажлыг зургаан бүлэгт хувааж ангилан хэрэгжүүлээд эхэлсэн байгаа.  Бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх,  валютын ханшаа тогтворжуулах, төмөр зам барих ажлаа яаравчлах гээд хийх ажил маш их байна.  Ямартай ч энэ долоо хоногийн хугацаанд нэг сайхан мэдээтэй. Монголчууд нэгдэж нийлж, хөрөнгө оруулалтыг босгож, Хөтөлд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн үндэсний үйлдвэрийг ашиглалтад орууллаа.

Монголын  анхны  Хөтөлийн цементийн үйлдвэр 30 гаруй жилийн хугацаанд   3.9 сая тонн  цемент  үйлдвэрлэсэн  байдаг  юм билээ. Дэргэдээ  орчин үеийн дэвшилтэт технологитой үйлдвэр байгуулснаар  30 жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг  гуравхан  жилийн  дотор    хийдэг болох нь.  Монголчууд чадах зүйлээ өөрсдөө хийж бүтээж, үйлдвэрлэж  сурах хэрэгтэй байгаа юм. Тиймээс бэлэнчлэгч биш бүтээгч иргэнээ, бизнес эрхлэгчээ, аж ахуйн нэгжүүдээ  дэмжиж ажиллана.  

Ийм богино хугацаанд  өргөс авсан юм шиг бүгдийг сайхан болгочихно гэж үгүй. Тэгэхээр зөвхөн 100 хоногоор хязгаарлахгүйгээр цаашдын хөгжлийн гарцыг нээсэн олон  ажил,  хуулийн зөв зохицуулалтын суурийг тавина. Аливаа ажилд  хариуцлагатай, сахилгатай , ам ажлын нэгдэлтэй, дэгтэй Монгол байх нь  чухал байна. 

            -100 хоногийн дараа үр дүн гарахгүй бол Засгийн газар хариуцлага хүлээнэ гээд том амлалт өгчихсөн байгаа бил үү?

-Мэдээж үр дүн гарахгүй бол хариуцлага хүлээж болно.

-Сүүлийн үед ухаалаг төртэй болох тухай ярьж байна. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

 - Ухаан гэдэг юм чинь хүнд л заяасан чадавхи шүү дээ.Ухаалаг төр гэсэн  ухагдахуун дэлхийд байдаггүй байх аа.  Харин хариуцлагатай, үүрэгтэй, сахилга баттай, шударга төр гэж бий.  Ухаалаг төр гэж ерөнхийд нь томьёолоод байх юм. Энэ үүднээс харвал өмнө нь тэнэг төртэй байсан юм уу гэсэн асуулт ч урган гарна аа даа. Нэршлийн хувьд бодолцож үзмээр санагддаг. Ер нь бол төрд зүтгэж байгаа хүн  манлайлагч, зарчимч, шударга байх ёстой гэж боддог. Жишээ нь, төрийн  хар хүн гэхээр Самбуу, Гэндэн, Амар зэрэг хүмүүсийн дүр төрх буудаг даа.

Тэгэхээр төрд алба хааж байгаа хүмүүсээ ёс зүйтэй, чадварлаг, сэтгэл, зүтгэлтэй, зарчимч, ухаалаг болгоход илүү анхаарлаа хандуулмаар байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  гар утсаар жишээ аваад л, энэ утас нь ухаалаг, нөгөөх нь  ухаалаг биш гээд яриад байна лээ. Үнэндээ  зөвхөн технологи ашигласнаар төр ухаалаг болчихгүй шүү дээ.  Агуулгыг биш хэлбэрийг шүтэж, явцуу утгатай, популист уриа лоозон болгохгүй, бодлогын дорвитой шинэтгэл хийх нь чухал байна.

            -Н.Алтанхуяг сайдад  өөрийнх нь намын фракциуд дээр нэмээд “Шударга ёс” эвсэл доторх фракциуд гэж ажлыг нь гацаах, түгжих чөдөр бий болчихоод байгаа тухай яриа бий. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Олгой хагаравч тогоондоо гэж үг бий. Бусад намын дотоод асуудал руу орж мэдэмхийрэх нь зохимжгүй. Гаднаас нь ажиглахад АН-ын доторх фракцын тогтолцоо нь их төвөгтэй байх шиг  байгаа юм.   Миний хувьд угаасаа фракцлахыг сайшаадаггүй. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдгийг  яаж ч бухимдсан, тохиролцсон, наймаалцсан ч бодох учиртай. Өөрсдийн босгосон “гэр” ээ шатаачихвал яах билээ дээ. Тиймээс зарим үед хувийн байр суурь, үзэл бодолтой зөрчилдөж байлаа ч олонхийнхоо саналыг  хүндэтгэж  дагах нь ардчиллын зарчим. Зөвхөн АН-ын дарга, Ерөнхий сайд  Н.Алтанхуяг гэлтгүй, би ч гэсэн амаргүй нөхцөлд ажиллаж байгаа.  Манай намд “Тэрбишдагвыг огцруулна” гэж хашгирдаг хүн мэр сэр байдаг. Гэхдээ үүнд нь  эмзэглэдэггүй.  Аливаа  улс төрийн намд янз бүрийн асуудал гарна.

            -“Шударга ёс”-ынхон бол  эрх баригч. Гэвч яагаад эрх баригчид ажлаа хийхгүй байна гээд шүүмжлээд байдаг юм бэ?

О.Баасанхүүгийн хувьд улс төрд орж ирж байгаа шинэ залуу.

-Хамтарч ажиллаж  байгаа гээд амаа үдүүлсэн, ус балгасан юм шиг дуугүй байх албагүй. Бурууд нүд хурц байж, алдвал цаг тухайд нь хэлж, сэрэмжлүүлж байх нь ажилд тустай. Хоосон магтаалд умбаж, бялуурч байснаас бодитой шүүмжлэл ажил урагшлахад түлхэц болдог учраас  тийм ч муу зүйл биш ээ. Ер нь ажил хийх явцад  санал зөрөлдөхийг алийг тэр гэхэв. Тийм учраас манай бүлгийн гишүүдээс шүүмжлэл хэлдэг.  Гэхдээ үүнийг   хамтарч засаг барьж байж , муухай харагдуулах гэлээ гэхээсээ илүү  санал, зөвлөгөө гэсэн утгаар нь хүлээн авч, харин ч  ажлаа сайжруулах нь чухал шүү дээ.

-МАХН, АН-ын хооронд хийх гэж байсан нууц гэрээ саяхан нийтэд ил болсон. МҮАН-ынхан үүнд нэлээд эмзэг хандаж байх шиг байна лээ?

-Бид аль ч намтай хамтын ажиллагааны гэрээ хийж болно шүү дээ. МҮАН-ынхантай ойлголцож ажиллаж байна. Ер нь бол бид Ардын намтай ч хамтарч ажиллах гэрээний асуудлыг өмнөх даргатай нь ярьж л байсан. Улс төрийн намууд хоорондоо хамтарч ажиллах асуудал бол нууж хаагаад, гайхаад байх асуудал биш ээ.

 АН-тай тэр гэрээг хийхээр төсөл маягийн юм боловсруулчихсан байтал ноорог нь алдагдаж, хэвлэлд гарсан л даа. Энэ ноорог манай намын ердөө гурван хүнд байсан.  Хэн нь задалсныг хэзээ нэгэн цагт нам дотроо ярих байх.

Төслийн ноорог хэн хэнд  байсан юм бэ, нэг нь мэдээж та байх?

- МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын дэд дарга Л.Цог,  бид гуравт байсан. Мэдээж би  гадагш нь задлаагүй.

-Энэ гэрээг хэзээ байгуулах гэж байсан юм бэ?

-Дөнгөж ярьж эхлээд төсөөллөө цаасан дээр буулгасан даруйд гадагшаа алдчихсан нь хариуцлагагүйн шинж, санаатай ч үйлдэл байж мэднэ.

             -Тэр төсөөлөл хэзээ гэрээ болж батагаалжих юм бэ. Эсвэл баталгаажуулчихсан юм уу?

-Гэрээгээ боловсруулж л байна.

            -Энэ гэрээг хийнэ биз дээ. Нийтэд ил болчихлоо гээд больчихсон юм уу?

-Хийнэ ээ.

            -Тэнд тусгасан заалтуудын талаар яриач. Н.Энхбаяр даргыг НҮБ-д ажиллуулна гэх мэтийн зүйлүүд нэлээд байсан…

 -Цаасан дээр буусан нооргийг харчихаад асуудлыг дэвэргээд байгаа болохоос ноцтой зүйл байхгүй ээ. Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа НҮБ-д ажиллуулах тухай яригдаж байсан юм билээ. Н.Энхбаяр гэдэг хүн 60 нас ч  хүрээгүй.  Энэ хүн Монгол төрийн бүх л өндөр албан тушаалыг хашсан, оюуны бядтай, сэтгэлгээний цар хүрээ өргөнтэй, өндөр боловсролтой. Зүйрлэж хэлбэл, Монгол төрийн ой санамж ч гэж хэлэхэд буруудахгүй байх шүү. Ийм хүний оюуны нөөц чадавхийг эрт “тэтгэвэрт” гаргачихмааргүй л байна. Түүний туршлага, мэдлэг, чадварыг шавхаж  ажиллуулах нь  ард түмэнд ч, улсад ч хэрэгтэй. Монголдоо болдоггүй гээд байгаа юм бол гадаадад  яагаад ажиллуулж болохгүй гэсэн  үүднээс  санал болгож төсөлд тусгасан хэрэг. Гэхдээ энэ нь эцэслэж, батлагдаагүй, төсөөлөл  төдий зүйл.   

            -О.Баасанхүү гишүүнийг өргөдлөө татахад хүргэсэн санамж бичиг нь энэ гэрээнээс тусдаа юу?  

-Тусдаа. Аль нэгийнх нь ажил хэн нэгэнд нь таалагдахгүй бол огцруулах бичиг өгч гүйхээ больё гэж ярилцсан юм.   Бид нэгэнт хамтарч ажиллаж байгаа бол хэн, хэн  рүүгээ “чулуу” шидээд яахав, тууштай, хариуцлагатай  байя гэсэн үүднээс  санамж бичигт гарын үсэг зурсан юм. Ажил хиймээр байна шүү дээ.

-Ажил хиймээр байсан бол энэ санамж бичгийг арай эрт гаргах байж дээ гэж бодогддог уу. Эдийн засаг хүнд  ажил ихтэй байхад О.Баасанхүү гишүүн бараг хоёр сар шал дэмий юм ярьж, төрийн ажлыг цалгардууллаа гэх хүмүүс бий…

-Харин О.Баасанхүү гишүүний энэ үйлдлээс сургамж авч, хамтарч байгаа намууд хариуцлагатай байх ёстой юм байна гэдгийг ухамсарлаж, санамж бичиг гаргалаа л даа. О.Баасанхүүгийн хувьд улс төрд орж ирж байгаа шинэ залуу. Сайн хуульч, цаашаа улам  өсөх ирээдүйтэй залуу боловсон хүчин. Залуу хүнд алдаа, оноо байлгүй яахав. Намын дэд  даргын албыг хашиж байгаа миний хувьд хүн болгонтой толхилцох сонирхол байдаггүй. Хэлэх, ярих зүйлээ гишүүддээ шулуухан хэлчихдэг. Баасанхүүг УИХ-ын гишүүнийхээ  хувьд асуудал тавина гэхэд намын зүгээс хориглоогүй. Харин асуудалд нухацтай хандахыг түүнд сануулж байсан.

            -Н.Энхбаяр дарга түүнийг дуудаж уулзаад өргөдлийг татуулсан ч гэх юм? 

-О.Баасанхүү нэг их айхтар тохиролцоо хийгээд явах хүн биш. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт үзүүлэхээр  Сөүлд очихдоо намынхаа дарга Н.Энхбаяртай уулзсан юм билээ. Түүнийг нь  мушгин гуйвуулаад, хардаад байх шаардлагагүй ээ.

            -“Шударга ёс” эвслийнхэн дотроо хэр таарамжтай байгаа вэ?

-Мэдээж санал зөрөлдөх зүйлүүд гардгийг нуугаад яахав. Гэхдээ бидний дунд сүрхий ангал үүсчихээгүй, хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. “Шударга ёс” эвслийн  бүлгийн дарга Н.Батцэрэг ч ажлаа сайн  хийж байна. Зарим нэг гишүүн “ хуйвалдлаа, луйвардлаа, та нар л сайд болсон. Бид та нарын төлөө кноп дарж суудаг боллоо” гэх мэтээр гоморхлын үг хэлдэг  байдаг тал бий.    

-Тэр гомдогсод нь бүлгээсээ гарсан Д.Батцогт, Х.Тэмүүжинтэй үзэлцдэг О.Баасанхүү, Засгийн газрын шүүмжилдэг Г.Уянга нарын гишүүдийг хэлээд байгаа юм шиг сонсогдоод байна…

-Тэр гэж нэрийг нь онцолж зарлаад байх нь зохимжгүй.

Ер нь гомдлын үг хэнээс ч гарч болно.Би ч хэлж болно.

            -С.Баярцогт гишүүн МАН-ыг Засгийн газарт оруулах санал хэлсэн. Үнэхээр түүний хэлдгээр эдийн засаг хүндэрсэн үед тал талаасаа мэдлэг чадвартай хүмүүс нь тэр энэ нам гэлтгүй цуглаад Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулбал зөв юм шиг. Та ямар байр суурьтай байна вэ?

-Тэгээд АН, “Шударга ёс” эвсэлд чадваргүй хүмүүс байна гэх гээд байна уу.

Сөрөг хүчнээ засагт  урьж оруулаад, хяналтгүй болгож, МАНАН татуулаад ямархуу байдалд хүргэснийг олон түмэн сайн мэдэж байгаа. С.Баярцогт Оюу толгойн гэрээг хариуцлагагүй хийсэн гурван сайдын нэг нь. Энэ хүн үнэндээ зөвшилцөл, эв нэгдэл  гэдгээр халхавч хийж ханцуйн дотроо наймаалцаж асуудлыг шийддэг байснаа санагалзсан юм байлгүй дээ.

  -Ардын намыг Засгийн газарт урьчихвал танай намынхан жийгдчих учраас та болгоомжлоод байна уу?

-Бид хамтарч хийсэн гэрээнийхээ дагуу хэлсэн ярьсандаа хүрч ажиллана. Хэрвээ шударга бус үйл ажиллагаа явуулбал харин ч бид жийгдэх биш хаяад явах чадвартай улс төрийн хүчин.

            -Гэхдээ яалт ч үгүй Оюу толгой зогссон учраас өнөөдөр төсөв, эдийн засагт хүндрэл гарч, хөрөнгө оруулалт буурсан нь бодит үнэн. Оюу толгойг өмнөх дөрвөн жил улдан эсэргүүцэгчид сайд дарга болсон нь байдал хүндрэхэд нөлөөлсөн гэж үзэх хүмүүс бий?

-Оюу толгойн ордыг олж нээгээгүй гээд  Монголыг төсөөлөөд үз. Ямар ч байсан сөнөхгүй. Харин ч илүү хөгжихийг үгүйсгэхгүй. Үнэндээ Оюу толгой Монголын хөгжлийн ганцхан  гарц биш шүү дээ. Үеийн үед, Монгол орныг хөдөө аж ахуйн салбар тэжээж ч ирсэн, цаашид тэжээсээр байх болно гэдэгт итгэдэг. Монгол Улсын хөгжлийн гарц-Хүнс, хөдөө аж ахуй  номондоо өмнө нь энэ тухай бичиж байсан. Сүүл хөхөж өсч,  сүү ууж  өтөлдөг ард түмэн Монголоос өөр  байхгүй гэж. Тиймээс   бид газар тариалан,   мал аж ахуйгаа хөгжүүлж, хүнсний чиглэлийн үйлдвэрүүдийг  дэмжвэл хөгжлийн гол тулгуур багана нь тэр болно. Зөвхөн уул уурхайгаас тэр дундаа Оюу толгойгоос хамааралтай болно гэвэл манай улсын эдийн засаг нэг хөл дээрээ догонцсон, тогтож чадахгүй байгаа хүнтэй л адилхан байдалд  хүрнэ. Тэнцвэрийг зөв олно гэдэг хамгийн чухал. 

-Оюу толгойг эсэргүүцэгчдийг ард түмэнд таалагдахын төлөө улс төр хийдэг популистууд гэж үзэх нь бий. Эрх барьж яваа таныг тэгвэл тэдний нэг гэж харах байх даа?
Сүүл хөхөж өсч,  сүү ууж  өтөлдөг ард түмэн Монголоос өөр  байхгүй

-Оюу толгойг бид эхнээсээ эсэргүүцэгчид биш ч сайжруулахыг хүсэгчид. Гэрээг харилцан ашигтай байдлаар хийхийг хэлж, сануулж байсан. Дараагаар нь тааруухан хийсэн гэрээгээ сайжруулаач ээ, тогтоол, шийдвэрийг биелүүлээч гэсэн шаардлага тавьж байсан юм. УИХ-ын тогтоол бол хууль. Энэ хуульд гэрээг нийцүүлэхийг зорьж байлаа. Монгол Улсад, ард түмэнд  өгөөжтэй болгохыг зорьж, тодорхой санал санаачилга гаргахаар санаатайгаар бидэнд эсэргүүцэгчид гэсэн цол гуншин өгч, захиалгатайгаар гутаахыг оролдож эхэлсэн гэж боддог. Түүнээс бид Оюу толгой төслийг хэрэгжүүлэхийг огтхон ч эсэргүүцээгүй. Одоо харин өмнөх нөхдүүдийн хийсэн алдааг бага сага ч гэсэн залруулж, гэрээг сайжруулахыг чармайж байна. Оюу толгойн хөрөнгө оруулагчтай ойлголцож, аль аль талдаа ашигтайгаар асуудлыг шийдэхэд тодорхой ахиц гарч байгаа.  

            -Х.Баттулга сайдын талаар таны бодлыг сонсохгүй өнгөрч болохгүй нь. Сайд нарыг ийм маягаар нэг нэгээр нь сугалж, Засгийн газрыг ганхуулах төлөвлөгөө ч гэх юм…  

- Хөдөө аж ахуйн салбарт түүхэндээ одоогийнх шиг эрх мэдэл, хөрөнгө мөнгө, ажиллах боломж олдож байсныг мэдэхгүй юм байна. Намайг Хөдөө аж ахуйн сайд байхад жилийн төсөв нь ердөө 11 тэрбум төгрөг байлаа. Гэтэл одоо зөвхөн нэг хүлэмжийн аж ахуйд ногдож байгаа мөнгө нь 13 тэрбум төгрөг болжээ. Дээрээс нь ноос ноолуур, мах, арьс ширэнд өгч байгаа урамшууллуудыг хар. Ерөөсөө мөнгөнд умбасан л яам байна. Гэхдээ дургүй хүнийг хүчээр бариад байлтай биш. Дургүй ламыг дарж байж сахил хүртээвэл шал дордоно гэдэг дээ. Тиймээс Х.Баттулгын хүсэлтийг хүндэтгэж үзэх учиртай.  

            -Анхбаяр гэдэг бизнесмэн залуутай та ямар холбоотой юм бэ.  Тэр залуу шоронд хоригдож, байцаагдаж байгаа юм билээ?

-Анхбаяр гэдэг бизнесмэн залууг мэднэ. Тэр бол Монгол Улсын төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэж явсан Монгол улсын баатар Нянтайсүрэнгийн ач хүү. Герман, англи, орос хэлтэй өндөр боловсролтой залуу. Германд намайг Элчин сайд байхад тэнд жуулчны байгууллагад ажилладаг байсан юм. Бид гэр бүлийн ах дүү шиг сайн харилцаатай. Улс орны эдийн засаг гээд  олон сэдвээр хууч хөөрдөг л байсан. Танай сонинд гарсан мэдээллээс харвал “Чи Тэрбишдагватай ямар холбоотой вэ” гэж  байцаагаад байгаа юм билээ. Тэрнээс бид хоёрын дунд  авлига болон хууль бус ямарч зүйл  байхгүй гэдгийг баттай хэлж чадна.  Харамсалтай нь төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж яваа хүмүүсийг адалж АТГ-аар сүрдүүлж, сонгуульд нэр дэвших болохоор нь захиалгаар нэрийг нь татуулдаг бохир улс төр байна л даа.

Анхбаярын компанид ажиллаж байсан  нэг залуу надтай саяхан ирж уулзаад түүнийг  “20 гаруй кг жин хаяад, үс нь цайчихсан, нуруун дээр нь том ургацаг гарсан. Бие нь нэлээд хүнд байгаа учраас эмнэлэгт хэвтүүлэхэд туслаач” гэсэн. Түүнийг эмнэлэгт хэвтье гэхээр зөвшөөрдөггүй гэж байгаа. Ингэж цаг алдаж байгаад түүнийг  дараагийн Амарсайхан болгох гээд байгаа юм уу. Гэмт хэрэг нь нотлогдоогүй байхад олон сар шоронд хорьчихсон байна. Энэ залууг надтай ямар нэгэн авлигын асуудлаар холбогдсон гэх худал  гүжирдлэг үргэлжлээд байвал  дахиад хэлэх үг бий.  Энэ удаа ингээд орхиё.

-Тэгвэл Н.Энхбаяр, Анхбаяр хоёр  ямар холбоотой юм бэ?

-Н.Энхбаяр даргыг Анхбаяр гэдэг хүн таньдаг байж болохгүй юу.  

            -Ер нь АТГ гэж бизнес эрхлэгчдийг барьж хорьдог, дарамталдаг газар болчихлоо гэдэг шүүмжлэл байна л даа…

-АТГ гаднынхны шахалтаар байгуулагдсан нь үнэн шүү дээ. Тухайн үед “Наад АТГ чинь өөрөө авлигын газар болчих вий” гэж Засгийн газрын хурал  дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөө нь Хүрэлсүх. Ноднин гэхэд нэг хүн барих гэж 600 цагдаа явуулж, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсаныг хүмүүс санаж байгаа.  Саяхан чуулганы хуралдаан дээр Дэмбэрэл гишүүн  “Өндөр боловсролтой 100 бизнесмэнийг шоронд хийж байна. Тэдний нэг нь л зуу, цаашлаад мянган  хүнийг ч  ажлын байртай  болгох чадалтай гэдгийг   бодооч”  гэж  хэлж байна лээ. Үнэн шүү дээ. Буруу юм хийсэн байж болно, түүнийг шүүгээд, учруулсан хохирлыг  барагдуулахад  болоо биз дээ.

Миний хувьд авлига хээл хахуультай хийх тэмцлийг үгүйсгээд байгаа юм биш. Авлига авч болохгүй шүү гэж сануулж зөвлөж, соён гэгээрүүлж, сургалт явуулж, урьдчилан сэргийлж  байх ёстой атал шулуухан хэлэхэд  цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг, дарамталдаг, айлгадаг  байгууллага л  боллоо.  Бас үйл ажиллагаа нь нэг тал руу хэт хэлбийгээд байна уу гэж ажиглагдаж байна.  Үнэндээ цөөхөн монголчууд ингэж бие биеэ үзэн ядаж, хийж бүтээе гэсэн нэгнээ юм л бол авлигач гээд барьж хориод, буруутгаад, эцэст нь үхэлд хүргээд байж болохгүй ээ.

             -Эцэст нь асуухад, Орос, Хятадыг холбох таван шугамыг Монголоор дайруулах тухай асуудал юу болж байгаа вэ?

-Миний хувьд Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комиссын хэсгийн дарга, Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссыг ч ахалдаг. Өнөөдрийг хүртэл эрхэлж ирсэн ажлын туршлага зэргийг харгалзан үзэж  энэ хариуцлагатай ажилд томилсон байх. Засгийн газар хоорондын комиссын хүрээнд  хий, нефтийн хоолой, төмөр зам, эрчим хүч, засмал замыг Оросоос Хятад руу тавихдаа Монголоор дайруулах асуудлыг ярьж байгаа. Ажилд ахиц дэвшил гарч байна.

Тухайлбал, Монгол-Оросын  хооронд 1200 км зам тавих ажил өнөө жил бараг эхлэх болов уу. Төмөр замд шинэчлэл хийж тахир муруй замыг тэгшилж хос төмөр зам тавих асуудал яригдаж эхэлсэн. Оросоос нефтийн бүтээгдэхүүн авах хоолойг Хятад руу тавихдаа Монголоор дайруулах талаар саяхан  Роснефтийн дарга манайд ирж яриад явлаа. Удахгүй хийн хоолой тавих  асуудал нааштай шийдэгдэнэ гэсэн итгэлтэй  байна. Хэрвээ хийн хоолойг Монголын нутгаар дайруулбал   секунд тутамд мөнгө    орж  байх болно. Энэ  нь хөгжлийн бас нэгэн түлхэц, шинэ гарц болж чадна. Энэ жил Монгол-Оросын Засгийн газрын хоорондын  комиссын хурлыг  Улаанбаатар хотод зохион байгуулна.