Г.Батхүү: Хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг нэлээд өөрчлөхөөр байна
УИХ-ын гишүүн Г.Батхүү
2014.09.30

Г.Батхүү: Хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг нэлээд өөрчлөхөөр байна

Хяналтын тухай хуулийн төсөлд иргэд, байгууллагын саналыг хүлээн авах зорилгоор өнөөдөр Нийслэлийн Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ үеэр Хяналтын тухай хуулийн төслийн санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ төсөл УИХ-д ирээд хоёр ч удаа бүдэрсэн. Энэ удаа олонхийн дэмжлэг авахын тулд төсөл санаачлан өргөн барьсан гишүүдийн зүгээс юу хийж байна вэ ?

Энэ хуулийг шинэчилснээр хяналтын тогтолцоотой холбоотойгоор нийгэмд бий болсон хүлээлтэд хариу өгч чадах юм. Хяналтын тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн уг төслийг гурав дахь удаагаа УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд бүх аймгийн ИТХ-аар дамжуулж орон нутгаас санал авч байгаа.

Орон нутгаас үнэтэй саналууд ирж байна. Өнөөдөр (өчигдөр) нийслэлийн ИТХ- тай хамтарч энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Ингэж иргэд, олон нийт, хяналтыг хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус олон байгууллагын саналыг сонсож, Ажлын хэсгийн түвшинд нэгтгэх юм.

-Та бүхний санаачилсан төслийн онцлог, ялгаа, мөн чанар нь юу юм бэ?

Хяналтын байгууллагын үйл ажиллагаа хүн бүрийн өдөр тутмын амьдралд мэдрэгддэг. Жишээ нь, сүүлийн үед гарч буй олныг хамарсан өвчлөл, халдварууд мэргэжлийн хяналтын тогтолцоо буруу байгаатай холбоотой. Хүнсний эрүүл ахуйн асуудлуудыг хяналтын байцаагч дангаараа үүрэх учиргүй.

Эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргаж, түүнд үндэслэж хяналтын байгууллага хамтарч ажиллах нь зүйтэй. Хяналтын байгууллага зөрчил гаргасны дараа буруутай үйл ажиллагааг таслан зогсоож, хааж, торгох бус урьдчилан сэргийлж, сургаж, зөвлөгөө өгч, хамтран ажилладаг байх ёстой.

Мөн хяналтын байгууллагыг бүтэц, зохион байгуулалтын хувьд нэлээд өөрчлөхөөр байгаа юм. Хяналтын байГууллага ард түмэнтэй хамгийн ойр байх ёстой учраас байцаагч, удирдлагыг нь орон нутгийн оролцоо, олон нийтийн байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр томилохоор тусгасан.

Тус байгууллагад ажиллаж буй албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн зарим заалттай уялдуулан тодорхой шалгуураар сонгодог байхаар өөрчлөлт оруулсан.