Хоёр удаа “өвдөг шороодсон”, Хяналтын тухай хуулийг байнгын хорооныхон дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан.
2014.06.18

Хоёр удаа “өвдөг шороодсон”, Хяналтын тухай хуулийг байнгын хорооныхон дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол шинжлэх ухааны байнгын хороогоор УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батзандан, Н.Батцэрэг нарын есөн гишүүний өргөн барьсан Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д хоёр удаа оруулж хэлэлцүүлсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Иймд нэр бүхий гишүүд хуулийн төсөлд зарчмын шинжтэй зарим тодорхой асуудлыг тусган өөрчлөн найруулж өргөн барьсан юм.

Хуулийн төсөл нь 52 зүйл бүхий найман бүлэгтэй.

Төсөлд хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий аливаа этгээд /салбарын болон яамны харьяаллыг үл харгалзан/ аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан хяналт шалгалтын үндсэн зарчмыг баримтлах бөгөөд тусгайлсан харилцааг тухайн салбарын хуулиар зохицуулахаар тусгалаа.

Ингэснээр төрөөс хэрэгжүүлж буй аливаа хяналтыг ерөнхий нэг стандартын дагуу, эрсдэлд суурилсан зөвлөн туслах зарчмаар хэрэгжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй хяналтуудын уялдаа холбоог хангах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой” гэлээ.

Төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулийн дагуу шинээр хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоохын зэрэгцээ төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг хяналтын үйл ажиллагаанд оролцуулахаар төсөлд тусгаж өгчээ.

Түүнчлэн улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, тодорхой болгох, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд улсын байцаагчийн ёс зүйтэй холбоотой заалтуудыг нарийвчлан тусгасан байна.

Энэ хуулиар хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр зохицуулсан.

Хуулийн төслийг боловсруулах хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг шинжлэн үзэж, эдгээрээс 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд холбогдох хуулийн төслүүдийг боловсруулсан гэдгийг хэллээ.

Хяналтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг батлан хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэмэлт хөрөнгө шаардагдахгүй юм байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан

Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж аж ахуйн нэгжид учирсан хохирлыг хэрхэн барагдуулах тухай заалтыг энэ хуульд тодорхой оруулах ёстой гэж саналаа хэллээ.

Гишүүд хуулийн төслийн талаар асуулт тавьж, саналаа хэлсний дараа санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.