Н.Батцэрэг сайд ХБНГУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2016.05.30

Н.Батцэрэг сайд ХБНГУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг зэрэг албаны хүмүүс ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, бүлгийн дарга хатагтай Герда Хассельфелт, Бундестагийн гишүүн, бүлгийн дэд дарга ноён Макс Штраубингер, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Герхард Тийдеманн тэргүүтэй төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа.

Бундестагийн Христосын Ардчилсан Холбоо болон Христосын Нийгмийн Холбоо намын төлөөлөгчид энэ сарын 26-29-ний өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ хүрээндээ Н.Батцэрэгтэй сайд уулзсан юм.

Уулзалтын эхэнд Н.Батцэрэг сайд Герман улс Монгол Улсын уламжлалт харилцаатай чухал гуравдагч хөрш болохыг цохон тэмдэглээд БОНХАЖЯ ХБНГУ-тай байгаль орчны салбарт хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Монгол Улсын Засгийн Газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн Банкаар (KfW) дамжуулан Монгол улсад “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг 5 жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа.

Дээрх төсөл хэрэгжсэнээр Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент бэхжиж, биологийн олон янз байдлын төрөл нэмэгдэж, хамгаалагдах, орчны бүс дэх орон нутгийн иргэдийн  амьжиргаа дээшлэх тул 2 тал нэг зорилготой ажиллаж байгаад талархаж буйгаа онцлон дурдав. Төслийн 2 дах шат хэрэгжих ёстой тул дэмжин ажиллахыг хүслээ. Мөн ойн салбар хийгээд аялал жуулчлалын салбарт ч боловсон хүчин бэлдэх, чадавхжуулах тал дээр хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн юм.

Хатагтай Герда Хассельфелт: Монгол орны хувьд дээрх асуудлаас гадна уул уурхайн нөхөн сэргээлт, хаалтын чиглэлээр хууль эрх зүйн хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаар Н.Батцэрэг сайдаас тодруулсан ба сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Н.Батцэрэг сайд сэргээгдэх эрчим хүчний хувьд газрын гүний дулаан ашиглах, ус, нар, салхин цахилгаан станц дээр хамтран ажиллахад бэлэн байна. Гагцхүү хөрөнгө оруулалтаа зөв шийдэж, технологийн зардалаа бууруулах хэрэгтэй. Сэргээгдэх эрчим хүч нь түүхий нүүрс шатааснаас илүү өндөр зардалтай байна. Иймд агаар, хөрсний бохирдолыг бууруулахын тулд гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах, хөнгөлөлттэй зээл олгох бодлого барьж байна. Дээрх асуудлыг нэг талаас нийгмийн нөгөө талаас эдийн засгийн ач холбогдолтой төсөл болгон хэрэгжүүлж болох юм гэлээ.