http 6
Зарим сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг барих боломжгүй боллоо
2013.12.23
Эдийн засаг, Худалдаа

Тодотгосон төсөв 450 тэрбум төгрөгөөр тасарна

Төсвийн тодотгол хийсэн ч нэмэр болсонгүй. Төсвийн орлого 450 тэрбум төгрөгөөр тасарна гэсэн тооцоог татвар, гаалийн байгууллагууд гаргажээ. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч байна.

2013 оны төсөв 1,4 их наяд төгрөгөөр алдагдсан нь нийт төсвийн орлогын 30 орчим хувийг эзэлж байна. Монголын төсөв ийм их хэмжээний алдагдалтай гарсан түүх байхгүй. 2013 оны төсвийг батлах үеэр УИХ-ын гишүүд, олон улсын байгууллагууд хэтэрхий хөөрөгдсөн төсөв болсныг сануулж байв. Харин Шинэчлэлийн Засгийн Газар болно, бүтнэ гэсээр төсвийг батлав.

Оюутолгойгоос 450 сая долларын орлого олно гэж Уул Уурхайн сайд амлаж байсан ч энэ нь биелсэнгүй. Нийт төсвийн орлогын 40 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ гэж төлөвлөж байв. Гэтэл Засгийн Газрын бодлогогүй үйлдлүүдээс болж Хятадын зах зээлд Монголын нүүрс нийлүүлэгдэхээ болилоо.

Татварын Ерөнхий Газрын Дарга Т.Батмагнай:

Төсвийн тодотголоор бол 2,3 их наяд төгрөгийг татвараас олох ёстой. Гэхдээ хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1,9 их наяд боллоо. Тэгэхээр ойролцоогоор 300-400 тэрбум төгрөгөөр орлого тасалдана.

Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбат:

Гаалийн нийт бараа эргэлт 5,7 хувиар буурлаа. Харин импорт 7,6 хувиар багаслаа. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр бид 1,615 их наяд төгрөгийг төсвийн орлогт оруулах ч тодотголд гарсанаар бол 330 орчим тэрбумаар гаалийн орлого тасарна.

Гадаадын хөрөнгө оруулалт буурч, экспорт зогсонги байдалд орсноос болж төсөв алдагдал хүлээлээ. Төсвийн тодотгол эдийн засгийн байдлыг засч чадахгүй нь мэдээж. Төсөв тасарсны улмаас барилгын компаниуд дампуурах, эсвэл ажилчдаа халахад хүрээд байна. Гэтэл тодотголоор 450 тэрбумаар тасарчихаад буй төслийн тухай Ерөнхий Сайд мэдэхгүй гэсэн тайлбарыг өгч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

УИХ улсын төсвийг 1,5 наядаар багасгасан тодотгол хийсэн. Гэтэл багасгасан дүн ахиад 450 тэрбум төгрөгөөр тасарна гэдэг бол өмнө нь 500 тэрбумаар багасгаад баталчихсан сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих  хөрөнгө оруулалтын төсөв багасаж таарна. Тэгэхээр барихаар төлөвлөсөн объектуудыг барих боломжгүй боллоо гэсэн үг. Улсын төсөв ийм их хэмжээгээр тасрангуут УИХ-аар баталсан төсвийн хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор улс орон даяар олон зуун аж ахуй нэгжүүдэд гааль, татварын шалгалт хийж эхэллээ.

Төсөв алдагдахад гадаад хүчин зүйлээс илүүтэй Засгийн Газрын буруу бодлого нөлөөлсөн. Энэ тухай УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ илэрхийлсэн Р.Амаржаргал гишүүн ч ярьж байлаа. Тодотгосон төсөв тасарсан нь Засгийн Газар буруу ажиллаж байгааг дахин харууллаа.

ШИНЭ МЭДЭЭ