http 6
2013.12.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Телевизийн нэвтрүүлэг, киноны 50 хувь үндэсний агуулгатай болно

Солонгосын олон ангит кино манай үзэгчдийг байлдан дагуулдаг болоод нэлээд хугацаа өнгөрлөө. Телевизүүд ч реклам, сурталчилгаа их орж ирдэгийг нь бодолцож солонгос кино ихээр гаргаж, түүгээрээ солонгос соёлыг сурталчилж байдаг хандлагатай. Солонгос соёл түгээн дэлгэрүүлж байгаа энэ асуудлыг яаж шийдэхээ салбарын сайд ярьж байна.

Арилжааны телевизүүд байя гэхэд Үндэсний Олон Нийтийн Телевизийн эфирийн бодлогод гадаадын кино, нэвтрүүлгүүдийг ямар хэмжээнд гаргах вэ гэдгийг зохицуулж болохгүй юу гэсэн асуултыг Энхамгалан гишүүн Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайдад тавилаа.

Ер нь телевиз, кино театрын үзвэрийн 50-аас доошгүй хувь нь үндэсний агуулгатай уран бүтээл байна гэдгийг салбарын сайд хэллээ.

Соёл, Спорт, Аялал, Жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл:

Үндэсний Олон Нийтийн Телевизтэй байгуулсан гэрээ байхгүй. Гэхдээ манайд киноны тухай хууль, өргөн нэвтрүүлгийн тухай хууль, радио, телевиз дэх үндэсний агуулга гэсэн сэдвээр ажлын хэсэг зохион байгуулаад “Үндэсний агуулгын квот” гэдгийг нэвтрүүлэх хуулийн төсөл боловсруулалт эхний шатандаа явж байна. Улс орнуудыг судалж байхад дор хаяж 50 хувь байдаг юм байна. Өөрөөр хэлбэл гарч буй кинонуудын 50 хувь нь үндэсний кино байх ёстой гэх жишээтэй. Зарим орон бол 75 хувийн квот тавьдаг. Гэхдээ тийм орнуудад кино үйлдвэрлэл сайн хөгжсөн байх ёстой. Манайд бол 50 хувь тохирно гэж бодож байна.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Ц.Оюунгэрэл сайд хүүхэд залуучуудыг хөгжүүлэх зорилгоор  хүүхдийн кино театр, усан бассейн, арилжааны телевизүүдэд тавьж байгаа бодлого, хөтөлбөр, нэвтрүүлгийн агуулгад тавьж байгаа хяналтын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Сургуулийн хүүхдүүдийн хувьд тэнд нь спорт заал, номын сан зэрэг нь байгаа учраас чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бол байна. Харин сумын соёлын төвүүдийг кино театр болгон зохион байгуулна гэдэг бол зөв. Цаашдаа сумын сургуулиудад байгаа спорт заалуудыг залуучуудад хүртээмжтэй болгомоор байна.

Ц.Оюунгэрэл сайдын ярьж байгаагаар шав нь тавигдсан соёл, спортын байгууламжуудыг гүйцээн барихад 150 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Гэтэл ирэх жилийн төсөвт ердөө 40 тэрбум төгрөг суужээ.

ШИНЭ МЭДЭЭ