http 6
Л.Энх-Амгалан: Ирэх оны төсөв дээр ямар нэгэн төрлийн татвар нэмээгүй
2013.11.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: Ирэх оны төсөв дээр ямар нэгэн төрлийн татвар нэмээгүй

Монгол телевизийн “Зочны цаг”-т УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан оролцлоо.

-Цалин нэмэгдүүлэхээр 235 тэрбум төгрөг төсөвлөлөө гэсэн байна. Үнэхээр ингэж цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх боломж бий юу?

-Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2012 оноос хойш нэг ч төгрөгөөр нэмээгүй. Статистикийн газраас гаргасан тоогоор сүүлийн хоёр жилийн инфляцийн дундаж өсөлт 27 хувьтай болчихлоо. Мөн монгол төгрөгийн худалдан авах чадвар 20 хувиар буурсан. Энэ хоёр гол үндэслэлээс шалтгаалаад цалин, тэтгэврийг нэмэх зайлшгүй шаардлага үүсч байна.

Монгол улсын 2014 оны төсөв дээр цалин тэтгэврийг нэмэхэд Засгийн газрын тэргүүний мэдэгдсэнээр 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр суулгасан. Хоёр хоногийн өмнө Засгийн газар, Үйлдвэрчний эвлэл гурван талт хэлэлцээр хийгээд 200 тэрбумыг 235 тэрбум төгрөг болголоо.

Төсвийн байнгын хороон дээр төсвийн анхны хэлэлцүүлэг явагдсан ч харамсалтай нь ҮЭ-тэй гэрээ хийсэн 35 тэрбум төгрөгийнхөө эх үүсвэрийг шийдэж чадсангүй. 200 тэрбумаараа эхний хэлэлцүүлэг дууслаа. УИХ дахь МАН-аас төсөв болон цалин, тэтгэвэр нэмэх асуудал дээр ажлын хэсэг гарсан.    

-35 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэх боломж бий юу?

-2014 оны Засгийн газрын өргөн барьсан хуулиар нийт 170 мянга орчим төсвийн албан хаагчид бий. Энэ ажилчдын нийт цалингийн фонд 1,5 их наяд. Дээрээс нь тэтгэвэр тэтгэмж авч буй хүмүүс халамжийн тэтгэвэртэйгээ нийлээд 230-аад мянган хүн байгаа.

Энэ хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал нэг их наяд. Тэгэхээр энэ 2,5 их наядыг дор хаяж 20-30 хувь нэмэхээр 500 тэрбум төгрөг шаардлагатай. Одоо шаардлагатай 300 тэрбумын эх үүсвэрийг гаргахын тулд нэгдүгээрт урсгал зардлаа танах хэрэгтэй.

Аудитын газар 2014 оны төсөв дээр аудит хийгээд Засгийн газрын өргөн барьсан урсгал зардлаас дор хаяж 36 тэрбум төгрөгийг хэмнэж болно гэсэн. Хоёрдугаар эх үүсвэр бол онц шаардлагагүй хөрөнгө оруулалтаа танаснаар 50 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах боломжтой.

-Төсөв ярьж буй энэ үед сая татварын асуудлаар нилээн шуугилаа. Нэмэлт татварууд орж ирж, татварын дарамтад өртөх юм биш биз гэсэн зүйлүүд явагдаж байна. Энэ дээр та хувь хүний зүгээс ямар байр суурьтай байдаг вэ. Ямар хариулт өгөх вэ?

-Улсын төсвийн эх үүсвэрийг бий болгоход жил бүхэн бас нэг буруу тогтолцоо явдаг нь дандаа татвар нэмдэг. Манай хувийн хэвшлийнхэнд тухайн жилийн төсөв батлагдахад ямар татвар нэмэгдчихвий гэсэн айдас болгоомжлол байдаг.  Ирэх оны төсөв дээр ямар нэгэн төрлийн татвар нэмээгүй.

Цалин нэмэхэд хамгийн их хэлмэгддэг, өртдөг хүмүүс бол хувийн хэвшлийнхэн.

Сая УИХ-аас баталсан хөрөнгө оруулалтын тухай хуулийн гол логик агуулга нь хөрөнгө оруулалтын орчноо тогтвортой байлгах. Тиймд дөрвөн нэр төрлийн татварын асуудал тогтвортой байх ёстой гэдэг үүднээс энэ хууль нэг хэсэгтээ татварын орчин тогтвортой байх бололцоог хангаж өгсөн.

-Цалин нэмэх асуудалтай зэрэгцээд хувийн хэвшлийнхний цалин нэмэгдэх эсэх асуудал яригддаг. Тэр боломж нь ямар байх вэ?

-Бусад орнуудын жишгээр цалин нэмэхдээ хөдөлмөрийн бүтээмжтэй холбож тайлбарладаг. Цалин нэмэхэд хамгийн их хэлмэгддэг, өртдөг хүмүүс бол хувийн хэвшлийнхэн. Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг бодвол хамаагүй илүү бүтээмжтэй ажилладаг учраас хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүсийн цалин хөлс шууд бүтээмжтэйгээ холбоотой байдаг ийм л зүйл.

Тиймд ажил олгогчид өөрсдөө шийднэ. Гэхдээ энэ дээр тодорхой шийдлүүд бий. Нэгдүгээрт жижиг аж ахуй нэгжийн НӨАТ-ын босгыг дээшлүүлэх. Хоёрдугаарт шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан татвараа 100 хувь төлвөл төлсөн татварынх нь 90 хувийг ажил олгогч нарт буцааж олгоно гэсэн ажлуудаа хийж чадвал жижиг аж ахуй нэгж дээр хөнгөн тусна гэж харж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ