2023.07.20

Иргэний нисэхийн эрхзүйн шинэтгэл 24 жилийн дараа биеллээ олов

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, иргэний нисэхийн эрхзүйн шинэтгэл, агаарын тээврийн сэргэлт бодит ажил хэрэг болж буй.

Иргэний нисэхийн тухай хууль нь одоогоос 24 жилийн өмнө буюу 1999 онд анхлан батлагдсан түүхтэй. Улмаар 2001, 2003, 2008, 2011, 2015, 2017 онд тус тус нэмэлт, өөрчлөлт орж байв.

Сүүлийн жилүүдэд иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо улам бүр нэмэгдэн агаарын тээврийн цар хүрээ өргөжиж, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт шаардлага илүү боловсронгуй болж байна. Иймээс салбарын хөгжлийг дэмжих, үр ашигтай, өрсөлдөх чадвартай иргэний нисэхийг өргөжүүлэхэд чиглэсэн оновчтой эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн юм. Иймд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2023 оны намрын чуулган буюу Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ой, агаарын тээвэрлэгчдийн баярын өдрөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Энэ түүхт өдөр "Иргэний нисэхийн тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж байгаа нь зүгээр ч нэг давхцал бус юмсанж. Иргэний нисэхийн салбарын хяналт зохицуулалт болон үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа нь хоорондоо хараат бус, бие даасан тусдаа тогтолцоотой байх талаар үе үеийн мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлж байснаас гадна Олон улсын иргэний нисэхийн байгууллага ИКАО, агаарын тээврээр тэргүүлэгч улсуудын холбогдох байгууллагууд санал зөвлөмжөө өгч байсан.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 51 зүйлтэй.

Монгол Улсын Засгийн газар, ЗТХЯ-ны зүгээс ч иргэний нисэхийн салбарын шинэчлэлт өөрчлөлт, агаарын тээврийн либералчлалын бодлогыг олон улсын жишигт хүргэж цаашид үргэлжлүүлэн явуулах бөгөөд "Иргэний нисэхийн тухай хууль"-ийн үзэл баримтлал үүнд бүрэн нийцсэн болно.

Шинэ хуулийн төсөлд оруулсан онцлох зохицуулалтууд:
  • Иргэний нисэхийн салбарын хяналт зохицуулалтыг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагаанаас нь салгав.
  • Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны хяналт ,шалгалт, тусгай зөвшөөрөл олгох, үнэмлэх гэрчилгээ олгох үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэв.
  • Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлага, загвар хуульд бүрэн зохируулав.
  • Өмнөх хуулийн хийдэлтэй заалтуудаас болж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт шаардлага хангадаггүй байсан алдааг засав.
  • Иргэний нисэхийн эдийн засгийн зохицуулалт гэсэн шинэ бүлэг нэмж, зорчигч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, агаарын тээвэрлэгч нарыг илүү хариуцлагатай болгох боломжийг өргөтгөв.

Хуулийн төслийн Ажлын хэсэг

Энэхүү хууль батлагдсанаар манай улсын иргэний нисэхийн үйл ажиллагааны аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй байдал нэмэгдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирч, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн нэмэгдэх, салбарын бүтэц, зохион байгуулалт, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо оновчтой, боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдэнэ.