2023.06.29

С.Одонтуяа: Олон улсын конвенцыг зөрчиж болохгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Би үг хэлэх гэсэн юм. Олон улсын арга хэмжээ давхцаад байгаа учраас тухайн санал хураалтад байхгүй таарж магадгүй. Энэ маш чухал заалт байгаа юм. Төслийн 28-дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийг хасах гэдэг заалт буй. Энэ заалт байнгын хорооны хуралдаанд санамсаргүй уначихсан. Тиймээс уг заалтыг босгож ирэх ёстой.

Өөрөөр хэлбэл навигацын үйлчилгээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ гээд шууд энэ хуульд заачихвал чикагийн конвенцыг зөрчих гээд байгаа. Хэрвээ уг конвецыг зөрчвөл энэ хуулийг олон улсын иргэний нисэхийн байгууллагаас харж, аудитын шалгалт хийхэд үл тохирол болох ноцтой асуудал үүснэ.

Бусад төсөв санхүүгийн үйл ажиллагаагаар тодорхой зүйлийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд төвлөрүүрээд явах боломжтой юм билээ. Гагцхүү энэ хуульд ингэж бичих нь олон улсын конвенц зөрчих эрсдэл байгаа шүү. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооны дэмжээгүй саналыг кнопдоо хүрэхгүй байж байгаад уг заалтыг босгоорой гэдгийг гишүүдээсээ хүсмээр байна. Бид олон улсын конвенцоо зөрчиж болохгүй.