2023.06.22

О.Цогтгэрэл: Англи хэл бол Монгол улсын ирээдүйн хөгжлийн үндсэн суурь

УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Монгол улс хязгаарлагдмал, хоёр хөршөөсөө ялгаатай байх олон нөхцөл байдлын үүднээс Монголчууд, Монголын төр гэж байдаг бол англи хэл болоод мэдээллийн технологи дээр бүрэн дүүрэн дэмжиж ажиллах ёстой гэж боддог. Мэдээллийн технологийн алгоритм, үйлдлийн систем англи хэл дээр л бичигддэг. Англи хэл, мэдээллийн технологи гэдэг хоёр багана бол Монгол Улсын ирээдүйн хөгжлийн үндсэн суурь гэдэг дээр зарчмын хувьд санал зөрөхгүй байх гэж бодож байна.

Ардчилсан намын бүлэг англи хэлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ яагаад дэмжиж байгаа вэ гэвэл намын бүлэг гэдэг үүднээс бус манай намын үзэл баримтлалтай ч холбоотой. Монголчууд сайн сайхан, баян чинээлэг амьдрах, ядуурлаас гарах үндсэн арга зам бол эдийн засаг өсөх юм. Эдийн засаг өсөх арга замыг том төр биш эрх чөлөөтэй иргэн хүн өсгөнө гэж боддог.

Эдийн засгийн боловсролоор дамжсан мэдлэгийн эрх чөлөөтэй иргэн хүн эдийн засгийг өсгөнө. Цаашилбал мэдлэгийн эрх чөлөө нь англи хэлтэй холбоотой. Үүн дээр маргалдах гишүүд байхгүй гэдэгт итгэж байна.

Харин нэг зүйлийг тодруулъя. Англи хэл дараа дараагийн үеүүдэд сурахад илүү дөхөм болохын тулд хэлнээсээ гадна бичиг үсэг, шрифтээ өөрчлөх шаардлага гарах уу? Үүн дээр ажлын хэсгийн ярьсан зүйл байна уу? Хэрэвзээ Латин хэлд шилжвэл цаашид дэлхийн мэдлэгийн санд илүү ойртох боломж, бололцоо байдаг уу? Жишээ нь Казакстан улс 2025 онд Латин хэлд шилжинэ гэсэн шийдвэр гаргасан гэсэн мэдээ явж байна. Энэ асуудлаар хуулийн хүрээнд яригдсан зүйл байна уу?