2023.05.04

Ц.Туваан: Багш нарынхаа чадавхын асуудлыг шийдсэний дараагаар "англи хэл" заах асуудлыг ярих нь зүйтэй!

УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

УИХ-ын гишүүд ээ!

“Тойрогтоо ажиллахдаа анхан, дунд шатны байгууллагууд дээрээ үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар байгууллагууд дээрээ очиж ажиллаач ээ” хэмээн Төв-аймгийн Баян-Өнжүүл сумын иргэн санал уриалга гаргасныг уламжилж байна. Бид газар дээрх нөхцөл байдлын талаар мэдээлэл огт байхгүй байна. Асуудлуудыг мэдэхгүй байж хууль батлах зам руу ороод байна. Тиймээс орон нутагт ажиллах үеэрээ энэ асуудалд анхаарахыг уриалж байна. Багш ажилчдын нийгмийн асуудал маш чухал байна. Эдгээр хүмүүс тэтгэврийн насны асуудлаар маш их ярьдаг. Боловсролын сайдын болон байнгын хорооныхны санал бодол энэ асуудалд ямар байна вэ?

Багш нарын орон сууц болон тэдгээрийн хүүхдүүдээс нэгийнх нь сургалтын төлбөрийн төрөөс даадаг байсан тухай асуудлыг иргэд ихээр асууж байна. Үүн дээр хариулт өгнө үү?

Хувийн сургуулиудын бүртгэлийн асуудал дээр ялгаварлал яваад байгаа юм биш биз. Үүнийг хэрхэн шийдэх үү. Мөн хувьсах зардлын тал дээр ялгаварлах асуудал ихээр сонсогдох боллоо. Тэнд адилхан Монгол хүүхдүүд сурч байгаа. Хувийн сургуулиуд төрийн ачаанаас үүрч байгаа. Нэг ёсондоо хувьсах зардлыг багасгах чиглэл тус хуульд байгаа юу. Үүн дээр хариулт өгнө үү.

Тус хууль дээр Улаанбаатар хотын буюу төв суурины асуудал яриад байна. Хөдөө орон нутаг, сумдын сургуулийн асуудлыг яагаад ярихгүй байгаа юм. Орон нутагт ажилладаг мэргэжилтэй боловсон хүчин, багш ажилчид чинь БНСУ руу ажиллах хүчнээр яваад дууслаа. Үүнийгээ дагаад багшийн хүрэлцээ муудаж, нэг багш олон төрлийн хичээл зааж байна. Чадавх төрөлжилтийн асуудал хэрхэн явах вэ? Яг ийм асуудлын хажуугаар бага ангиас нь "англи хэл" заах асуудал яригдаж байна. Нэн түрүүнд багш нарынхаа чадавхын асуудлыг шийдсэний дараагаар үүнийгээ ярих нь зүйн хэрэг.

Түүний асуултад, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө