2023.05.04

Ц.Идэрбат: Анги засварын мөнгө авах шаардлагатай юу, үгүй юу?

УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

Хэнтий аймгийн боловсролын салбарын 800 гаруй багш, ажилтантай уулзахад хуулийн төсөлд их хүлээлттэй байна. Боловсролын яам БЕГ-тай болсноор энэ салбарт байсан алдаатай зарим зүйлийг зассан. Орон нутагт очоод уулзахад багшийн цалин хамгийн багада нэг сая 50 мянган төгрөг болсон байна гэж ярьсан. Улаанбаатарт цэцэрлэгийн сугалааны асуудал байсан. Үүнийг шийдсэн. Багшийн хөгжлийн хэрэглэгдэхүүний зардал гэж олгодого болсон.

Боловсролын салбарынхантай уулзаад явж байх үед олон зүйлүүдийг хэлсэн. Боловсролын хуульд боловсролын тогтолцоо, багш нарын асуудал зэргийг тусгаад явж байна. Үүнд нэг зүйлийг тодорхой оруулаад, үүрэгжүүлж өгөөч гэсэн саналаа хэлсэн юм. Энэ нь эцэг эх, гэр бүлийн үүрэг юу байх вэ гэдгийг тодорхой оруулах талаар. Хүүхдээ цэцэрлэг, сургуульд оруулж байна. Тэр хүүхдийн хичээл, сурлагыг хоол ундыг хариуцаж байна. Эцэг эх, багш, сурагчийн гурвалсан холбоог хөгжүүлэхэд хуульд оруулсан зүйл байхгүй. Энэ талаар хуульд тусгаж өгөөч гэдгийг олон багш нар хэлж байгаа юм.

Салбарын нэр хүндийн асуудалд олон ойлгомжгүй дүрэм, журмууд чинь эцэг эхчүүдтэй багш нарыг шууд нүүр тулгаад байна. Жишээ нь анги засварын мөнгө авах юм уу авахгүй юм уу? Авахгүй бол ангийг нь засаж өгөх юм уу? Төсөвт энэ талаар байдаггүй шүү дээ. Би 12 жил хүүхдийнхээ хуралд суусан. Багш нь анги засварын мөнгө авмаар байна гээд суудаг. Авахгүй байя гэхээр анги нь навсайсан байдаг. Аймгийн засаг даргаар сууж байсан болохоор би гараад явчихдаг байсан. Та нар ямар шийд гаргана, үүнийг дагана гээд. Энэ мэт жижиг юм шиг хэрнээ эдгээр асуудлыг шийдэж өгөөч гэсэн саналтай буй.

Дараагийн асуудал нь хоол унд. Сургалтын ажлаа хиймээр байдаг боловч хоол унд руу ордог. Хоолоо хийе гэхэд стандартын талбай байхгүй. Тогооч байхгүй. Мэргэжлийн тогооч ховор. 500 мянган төгрөгөөр ажилладаг тогооч ховор болсон. Ийм байж хоол өгнө гэдэг. Үүнийг яаж шийдэх вэ?

Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Дамдинням хариуллаа.