2023.05.04

Б.Бат-Эрдэнэ: СӨБ-оос эхлэн эрүүл чийрэг, зөв хүмүүжилтэй хүн бэлтгэхэд анхаарах шаардлагатай!

УИХ-ын чуулганы /2023.05.04/-ны хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

 УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ:

Боловсролын сангийн зээлээс дарга нь аваад төлөөгүй гэх мэт мэдээллүүд явдаг. "Хүрээний булаaг уудалбал далай далай" гэдэг шиг асуудлууд цөөнгүй бий. Учир нь сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын боловсролын салбарын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, боловсролын салбар дахь төрийн бодлого цаашилбал боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн сэтгэл, зүтгэл хариуцлага хандлага өнөөгийн нийгмийн өнгө төрхийг илтгэж байна. Эрүүл мэнд, гэмт хэрэг зөрчил, хөдөлмөр эрхлэлт, нийт нийгмийн бүтээмж ямар байна вэ. Арай л дэндүү зүйлүүд харагдаад байх юм. Үүн дээр бид бүхэн дүгнэлх хийх ёстой.

Миний хувьд боловсролын салбартай холбоотой. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн энэ талаар санал бодлоо тэр бүр хэлдэггүй. Гэхдээ энэ салбарыг хөндлөнгөөс хараад суухыг боддоггүй. Үер устай зүйрлэвэл зөвхөн нэг уулынх бус бүхэлдээ нийгмийн хүрээнд сад тавиад ороод ирчихсэн тал газрын үер шиг асуудал, бүх түвшинд өргөн хүрээтэй. Тиймээс цаг алдалгүй ажиллах шаардлагатай.

СӨБ-оос эхлэн эрүүл чийрэг, зөв хүмүүжилтэй хүн бэлтгэхэд анхаарах шаардлагатай. Тухайлсан хөтөлбөр санаачлах хэрэгтэй. Угтаа бид бүхэн сууриас нь эхлэх зүйтэй. Их дээд сургуулийг мөн адил өөрчилмөөр байна. Эрүүл мэнд, биеийн тамир, урлаг гоо зүй, хөдөлмөр технологийн хичээлийг хөгжил дэвшилд хүрсэн Япон тэргүүтэй улс орнуудын жишгээр боловсролын тогтолцоондоо “цөм” болгохыг зорих хэрэгтэй.

Түүний асуултад, БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө.