Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2022.07.01

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.07.01\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. 

ХЗБА-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. 

Хуулийн төсөлд тусгасан асуудлуудыг товч танилцуулбал.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг харгалзах зохицуулалтыг нэмж, ингэснээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах нөхцөл бүрдэнэ гэж үзлээ.
  2. Улсын онц чухал обьект, онц чухал мэдээллийн дэд бүтцийн байгууллага, байгууламжийн үйл ажиллагаанд саад учруулах гэмт хэргийн харьяаллыг тагнуулын байгууллагад хамааруулах, сонгуультай холбоотой хэргийн харьяаллыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх өөрчлөлтийг тусгаад байна.
  3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн эдлүүлэх зорилтыг хангах үүднээс мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг дуудан ирүүлэх болон албадан ирүүлэх эрхийг нэмэв.
  4. Яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх нь хуулийн этгээдийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг саад учруулахад хүргэж, улмаар энэ нь хуулийн этгээд, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчихөд хүргэдэг тул эдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг нэн тэргүүнд зогсоох, саад учруулахгүй байх зохицуулалтыг тусгалаа.
  5. Таслан сэргийлэх арга хэмжээний үр нөлөөг харгалзан хувийн батлан даалт авах таслан сэргийлэх арга хэмжээг нэмж тусгав.
  6. Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх, авлигын хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, мэргэшсэн шүүгчээр шийдвэрлүүлэх үүднээс давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэдэг байх, давж заалдах эрхийг Улсын дээд шүүхэд хангах бодлогыг баримтлан холбогдох өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгалаа.

Хуулийн төсөл батлагдсанаар хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байсан хүндрэл бэрхшээл, хэрэгжүүлэхэд нөлөөлөх сөрөг үр дагавар арилж, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээн эдлүүлэх ажлын үр дүн дээшлэх болно