2019.10.18

О.Баасанхүү: Шүүх дээр прокурор, өмгөөлөгчийн тэгш байдлыг хангах заалт хуульд орсон уу?

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүн Л.Мөнхбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын О.Баасанхүү асуулт асуулаа. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлая гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжиж хууль батлагдлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

"Өмгөөлөгч гэдэг бол мэргэжлийн, хуулийн хүрээнд, хүний өмнөөс ажил хийж байдаг. Прокурорын нөгөө тал юм. Прокурор нь төрийн, өмгөөлөгч нь иргэний өмгөөлөгч болдог. Байцаан шийтгэх хуульд төр иргэний толгой дээр гарчихсан. Төрийн өмгөөлөгчийг иргэн даган биелүүлж, үгээр нь явахгүй бол өөрөө хэрэгтэн болчих гээд байдаг. Үүнийг зассан зарчмын өөрчлөлт хийгдсэн үү?

Прокурор нь том толгойтой. Бүх зүйл прокурорын зөвшөөрөлтэй болсон. Цагдаа нь өмгөөлөгчийг бариад л зоддог байсан ш дээ. Иргэдийн дунд өмгөөлөгчөөр яах юм, прокурор, шүүгчтэй ярих хэрэгтэй гэдэг байсан. Энийг хуулиар шийдсэн үү?

Өмгөөллийн байгууллага чухал биш. Өмгөөлөгч гэж байгаа хүнээс гэрчийн мэдүүлэг авчих гээд, үйлчлүүлэгчийнх нь өмнөөс байцаадаг, өмгөөлөгчийн хуулийг давахгүй болохоороо айлгадаг болсон. Өнөөдөр өмгөөлөгч хэрэггүй мэт болсон. Энэ хандлагыг яаж өөрчлөх заалт орсон бэ? Энэ хуульд өмгөөлөгч, прокурор 2 ижил байр суурьтай, тэгш статусыг яаж гаргаж ирсэн бэ? гэдгийг асуумаар байна."