2020.12.02

Ж.Ганбаатар: Нийслэл, дүүрэг эдийн засгийн ямар эрхтэй байхаар туссан бэ?

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:

6-р зүйл дээр Эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? Эдийн засаг гэдэг дээр нийслэл, дүүрэг ямар ямар эрх мэдлүүд нь хадгалагдаж үлдсэн бэ? Өргөн баригдсан хуулийн заалтууд дээр ажлын хэсэгт зарим зүйлийг өөрчилсөн харагдаж байна. Өмнө нь юу гэж тайлбарлагдсан бэ?

Хууль дээр үүнийг ингэж шийдвэрлэнэ гээд заачихдаг. Гэхдээ биелүүлээгүй бол яах вэ гэдэг нь байдаггүй. Процесс тал руу нь энэ хуулийг сайн ялгаж өгсөн үү?

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа.

Тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгэмтэй холбоотой энэ хуульд заасан тусгайлан олгосон чиг үүрэг гэж байна. Жишээлбэл өмчийн ашиглалт, хог хаягдлын зохион байгуулалт гэдэг юм уу тодорхой чиг үүргүүд байна. Үүн дээр шийдвэр гаргана. Ер нь бол үндсэн хуулийн нэр томъёо юм.  

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэмэлт тодруулга хийлээ.

Тэрээр газар зохион байгуулалтын талаар энэ хуульд нэмж оруулах саналтай байгаагаа тодотгон хэллээ.