АН бүлэг: 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна
2017.11.22

АН бүлэг: 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Тэгвэл бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Төрийн албаны тухай хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай хамтатгаж хийх нь зөв гэж үзлээ.

Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногт салбарын эрдэмтэн, судлаачид, хуульчид, УИХ-ын гишүүдтэй хамтарч хэлэлцүүлэг зохион байгуулах боллоо.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эрх баригчид аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 3.1 хүртэл хувь нь төрийн албанд, төрийн захиргааны албан хаагчаар ажиллаж болно гэсэн заалтыг энэ хуульд нэмж оруулахаар хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн.

Энэ заалт нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөв, Төрийн албаны тухай хуулийн 14, Сонгуулийн тухай хуулийн тав, Улс төрийн намуудын тухай хуулийн дөрөв, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 заалт гээд нийтдээ 39 заалтыг ноцтой зөрчсөн заалт орж байгаад дүгнэлт хийх хэрэгтэй гэж үзсэн.

ИТХ-ын төлөөлөгчид улстөрийн нам эвслээс төлөөлөн тухайн орон нутагтаа сонгогддог бөгөөд тус орон нутагтаа өөрийн нам эвслээ төлөөлөн хамгийн ихээр улстөрийн үйл ажиллагаанд оролцдог.

Төрийн албан хаагч гэдэг бол мэрит зарчимтай улс төрөөс ангид байх ёстой.

Тиймээс энэ хуулийн заалт үндсэн агуулгын том зөрчлийг агуулж байна" гэлээ.

Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар нийт 7240 ИТХ-ын төлөөлөгчдийн 3.1 хувийг нь төрийн захиргаанд оруулж ажиллуулна гэвэл 2340 улстөрчийг төрийн албанд хуулийн хүчээр оруулах гэж байна. Энэ нь төрийн албыг улстөржүүлэх хамгийн том шийдэл рүү алхаж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн аймаг, нийслэлийн хэмжээнд хууль зөрчөөд 60 гаруй ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчаар давхар ажиллаж байна. Тиймээс зөвхөн 60 хүнд үйлчилсэн хуулийг эрх баригчид санаачилж оруулж ирж байна гэдэг нь хариуцлагагүй үйлдэл гэдгийг тэрбээр онцолж байлаа.