2017.01.20

Ц.Даваасүрэн: "Давхар дээл"-ийг орон нутагт дэлгэрүүлж магад хуулийн төсөл байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хууль санаачлагчаас тодорхой хариулт хүссэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Нарийвчилж харвал хөдөө, орон нутагт давхар дээлийг дэлгэрүүлэх гэж байна гэж ойлгогдохоор байна. Гүйцэтгэх засаглалд ажиллаж буй албан тушаалтан төлөөллийнхөө байгууллагад олонх болсон тохиолдолд төрийн албанаас авч хаях тухай асуудал урган гарсан байдаг.

Тэгвэл одоо нэг талаараа ухралт хийх гээд байх шиг. Нөгөө талаас хөдөө, орон нутгийн ИТХ-д төрийн албан хаагч нэр дэвшихгүй гэхээр төрийн алба хүчгүйдлээ. Бизнес эрхлэгчид төлөөллийн байгууллагыг бүрдүүлдэг боллоо гэсэн шүүмжлэл дагуулж болзошгүй юм. Энэ бүхнийг хэлэлцүүлгийн явцад бодолцоно биз. УИХ-ын гишүүүн Л.Оюун-Эрдэнийн асуултад тодорхой хариулт авмаар байна.

Намуудын нэр дэвшүүлсэн төрийн захиргааны байгууллагын албан хаагчид ИТХ-ыг 100 хувь бүрдүүлчих юм бол хэн нь ажлаа өгөх вэ? Ялангуяа аймгийн Засаг даргын тамгын газарт ажиллах хүн олдох уу?

Төрийн захиргааны албан хаагчийг ИТХ-д намаас нэр дэвшүүлж болно шүү дээ. Гэтэл ИТХ-д 100 хувь төрийн албан хаагчид төлөөлөгчөөр ажиллахаар боллоо гэж бодоход гуравны нэг болгохын тулд хэнийг нь ажлаа өг гэж хэлэх вэ? Энэ мэт асуудлыг яаж зохицуулах вэ?

Учир нь аймгийн ИТХ төсөвгүй. Цалин байдаггүй шахуу. Хангамж байдаггүй. Ингээд бодохоор орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон ч төрийн албаны ажлаа хийхийг л бодно шүү дээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат:

Тухайн аймаг, орон нутгийн ИТХ-д нэг нам 100 хувь ялалт байгуулсан тохиолдолд орон нутгийн удирдлагууд л өөрсдөө шийднэ.

Нийт төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн албан хаагч байж болно гэж заасан болохоос биш заавал байна гэсэн үг биш.