Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцлээ
2020.08.24

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.08.24/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийн товч танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ хийв.

Танилцуулгадаа Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг “КОВИД-19 цар тахлын үеийн хөтөлбөр” гэж хэлж болно. Тийм ч учраас боловсруулахдаа халдварт цар тахлаас хүн амаа хамгаалж, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг амжилттай даван туулахад илүүтэй анхаарал хандуулсан гэв. Тус хөтөлбөр нь 6 бүлэг, 23 тэргүүлэх зорилт, 213 дэд зорилттой юм.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхболд нар асуулт, асууж хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн С.Батболд бүсчилсэн хөгжлийг аймаг орон нутагт тэгш явуулахаар тусгах, Н.Алтанхуяг гишүүн Эрдэнэбүрэнгийн усан цахилгааныг ямар эх үүсвэр, өртгөөр барих, орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэзээ эхлэх, ямар шалгуур үзүүлэлт тавих талаар, Н.Энхболд  гишүүн технологи нарийсаж, хямдарсан учир сэргээгдэх эрчим хүчний технологийг өндөр өртгөөр худалдаж авахгүй байх талаар асууж, хариулт авсан.  

Тогтоолын төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Цогтбаатар, Н.Алтанхуяг, Н.Наранбаатар нар үг хэлж, санал гаргалаа. Ийнхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссанаар Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.