Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
2020.04.14

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэнгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.14) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. 

Төсөл санаачлагч гишүүн Н.Оюундарь танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр тодорхой үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсний нэг нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар татварын хуулийн хэрэгжилтэд татвар төлөгчийн оролцоотойгоор хяналт тавих, татвар төлөгчийг урамшуулах, бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах замаар бизнест ээлтэй, тэгш шударга өрсөлдөх орчныг бий болгох, далд эдийн засгийг бууруулах эрх зүйн орчин бүрдсэн болно.

Байгууллага, аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээ жил бүр нэмэгдэж, татвар төлөлтийн хэмжээ ч сүүлийн жилүүдэд өссөн байна. Монгол Улс 2015 оноос хойш иргэн, аж ахуйн нэгжид худалдан авсан бараа үйлчилгээний үнийн дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болсон бөгөөд сар бүр дунджаар 700 мянган татвар төлөгч баримтаа бүртгүүлж байгааг онцлов. 

Түүнчлэн, хууль хэрэгжих эхэлснээс хойш борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн  шаардлага хангасан татвар төлөгчийн тоо 2016 онд 2337, 2017 онд 2934, 2018 онд 3838-аар, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны байдлаар 1027-аар нэмэгджээ. Дээрх судалгаанаас үзэхэд улсын төсөвт төвлөрч буй татварын орлогын хэмжээ жилээс жилд өссөн дүнтэй байгаа ч нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт төдийлөн их биш байна. Энэ байдал нь ирээдүйд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлт зогсонги байдалд хүргэх эрсдэл дагуулах магадлалтай гэж байлаа. 

Иймээс нийт татвар төлөгчийн бүртгэлтэй худалдан авалтыг татварын ачааллыг бууруулах/буцаанолголтын хувийг нэмэх/ замаар эрчимжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тооны өсөлтийг нэмэгдүүлж, улмаар далд эдийн засгийн хэмжээг бууруулах, төсвийн орлогын тогтвортой өсөлтийг хангах шаардлагатай байна. Хуулийн төсөл батлагдсанаар татвар төлөгч иргэдэд буцаан олгогдох мөнгө тодорхой хэмжээгээр нэмэгдэж, татварын тэгш, шударга байх зарчим бүрэн хангагдана. Олон улсын жишигт нийцсэн, тогтвортой татварын орчинг бий болно  гэж төсөл санаачлагчид үзжээ. 

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэхэд Засгийн газар дэмжих боломжгүй гэснийг тодруулав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, НӨАТ нь улсын төсвийн 30 хувийг  буюу гуравны нэгийг бүрдүүлдэг гэдгийг тодотгоод буцаан олголтын хувь хэмжээг нэмбэл ойролцоогоор 1.3 их наяд төгрөг хасагдана гэж тооцвол тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Иймд Засгийн газар зарчмын хувьд дэмжих боломжгүй гэснийг мэдэгдлээ. 

Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.