УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.06.06

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дарамталж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл болон “Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг /24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: НӨАТ-ын асуудлыг ярихдаа УИХ дээр байгаа НӨАТ-тай холбоотой өргөн баригдсан гишүүд болон хууль санаачлах эрхтэй бусад субъектийн асуудлыг нэгтгэж оруулж ирвэл зүгээр байна.

Мөн 10 сая төгрөгөөс дээш орлого олвол 10 хувийн татвар төлнө гэсэн НӨАТ-ын  босгыг нэмэгдүүлэх ёстой гэж УИХ-ын нэр бүхий гишүүд НӨАТ-ын босго 10 саяыг 200 сая болгох тухай хуулийн төсөл санаачлан өнгөрсөн гуравдугаар сард өргөн барьсан.

Энэ хуулийг хэлэлцүүлээгүй мөртлөө Засгийн газрын оруулж ирсэн гурван хуулийг хэлэлцүүлж байгаа нь хууль санаачлах эрхтэй субъектүүдийг ялгаварлах хандлага харагдаж байна. Төрийн албан хаагчид 10 сая төгрөгийн цалин авдаг ч татвар төлдөггүй.

Ар гэрээ тэжээж, ажлын байрыг бий болгож, баялаг бүтээж буй хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийнхэн 10 саяын НӨАТ-т дарлуулж, дээрэлхүүлж байна.

Сургуулийн хүүхдийн автобусны асуудлыг Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй

Автобуснуудыг НӨАТ-аас чөлөөлөх нь зөв. Гэхдээ энэ хууль хэрэгжсэнээр хэдэн төгрөгний төсөвт орох НӨАТ-ын орлого буурах вэ. Түүнтэй холбогдуулан орж ирж буй автобусны үнэ хямдрах эсэх, парк шинэчлэл  хэдэн хувиар нэмэгдэх талаар тодорхой тооцоо судалгаа бий юу гэдгийг тодрууллаа.

Мөн нийтийн тээврийн автобусыг нэмэгдүүлэх, үнийг нь буулгах, парк шинэчлэл хийх шаардлага байгаа хэдий ч сургуулийн хүүхдийн автобусны асуудлыг Засгийн газар анхааралдаа авах хэрэгтэй. Сургуулийн хүүхдүүд автобусанд төлбөртэй явдаг. Сургуулийн автобус бий болгож, автобусыг НӨАТ, бусад албан татвараас чөлөөлөх хэрэгтэй гэлээ.

Зам, тээврийн сайд А.Гансүх: Автобусны парк 40 орчим хувиар шинэчлэгдсэн. Хуулийн үзэл баримтлалыг хууль зүйн сайд сангийн яамтай хамтарч судалгаа хийж гаргасан. Энэ хугацаанд автобус парк шинэчлэлт дахин 40 хувиар нэмэгдэх урьдчилсан тооцоо бий.