НӨАТ-ын хууль хүн бүр татвар төлөгч байхад чиглэнэ
УИХ-ын чуулганы хуралдаан
2014.05.28

НӨАТ-ын хууль хүн бүр татвар төлөгч байхад чиглэнэ

Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/-ыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд татвар нь энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлох, албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляц, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгасан гэдгээ Сангийн сайд Ч.Улаан хэллээ.

Мөн тэрбээр, Засгийн газраас нэмүү өртгийн албан татварын босгыг 50 сая төгрөг байхаар оруулж ирж байгаа юм. Ингэхдээ инфляцийн түвшин, олон улсад нэмүү өртгийн албан татварын босго тогтоодог аргачлал, албан татвар цуглуулахад гарах зардал зэргийг харгалзан үзсэн гэдгийг хэллээ. Мөн энэ хуулийн гол үзэл санаа нь бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гүйлгээг бүртгэлд авах, татварыг буцаан олгох, хүн бүр татвар төлөгч байхад чиглэж байгааг тэрээр онцлов.

Д.Сумъяабазар гишүүн асуув

Далд эдийн засаг бүрэн буурч чадах уу? НӨАТ-ыян падааныг электрон хэлбэрээр хийх техникийн шийдэл нь бэлэн болсон уу?

Ч.Улаан: Далд эдийн засаг бүрэн цэгцэрнэ гэж хэлэхгүй. Электрон хэлбэрт шилжүүлэх техникийн шийдэл ойрхон байгаа. Банкны төлбөрийн картаар хийж болно.


Ж.Эрдэнэбат санал хэллээ.

НӨАТ-ын буцаан олголт тэгш бус болох гээд байна. Хүн юм худалдаж авахдаа заавал картаар тооцоо хийж, аль нэг арилжааны банканд суутгал төлж байж, НӨАТ-ынхаа урамшуулалтыг буцаан авах болчих юм биш үү.Картаар урамшуулалтаа авдаг болно гэвэл хөдөө орон нутгийхан яах юм бэ. Үүнийг тооцохгүй байна.