Э.Мөнх-Очир: Хэзээ нэгэн цагт бидний цаг ирнэ шүү
УИХ-ын гишүүн асан, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга Э.Мөнх-Очиртой цаг үеийн болон МАН-ыг тойрсон асуудлаар ярилцлаа.
-Улс төрийн нөхцөл байдал нэлээд маргаантай, зөрчилдөөнтэй байна. Ардын намын зүгээс УИХ-ын даргын томилгоог хууль бус байсан гэж дахин Цэцэд хандсан гэсэн. Энэ асуудлаар ярилцлагаа эхлэх үү?
-Намын талд гарсан шийдвэр биш. Гэхдээ тодорхой төвшинд хуйвалдаан маягийн зүйл явагдаад байгаа нь илт болчихоод байна. Хуулийг барих уу гэдгээ шийдмээр байна. Нэг нам нь хуулиа бариад, нөгөөдүүл нь дур зоргоороо дуугараад байж болохгүй. Хуулийн дагуу яаж явах ёстой, түүнийгээ л биелүүлэх ёстой. Хуулийг бичсэнээс өөрөөр хэрэглэж болохгүй. Цагаан дээр хараар биччихсэн хөдлөшгүй заалтууд байхад тэрнийг хөдөлгөж болохгүй. Нэг намын нэг хүний сонирхлын зөрчлөөр өөрчлөөд байх боломжгүй. Хүсээд байгаа зүйл гэвэл манай нам ганцаараа дуугараад байх шаардлагагүй юм байна. Цагийн сайханд ард түмний сайн сайхны төлөө дуугардаг байсан хүмүүс бол сэхээтнүүд. Сэхээтнүүд минь дуугарах хэрэгтэй байна. Та нар хаачваа. Үүнийг хэлмээр байна. Гадаад дотоодын их дээд сургууль төгссөн эрдэмтэн мэргэд, ахмадууд, залуус маань хаачсан юм бол. Энэ хүмүүс дуугарах болчихсон байна. Биднийг дуугарахаар нэг намын эрх ашгийн төлөө дуугараад байгаа юм шиг харагдаад байна. Энэ шал өөр зүйл. Цаашлаад нэлээд ноцтой зүйлд орно. 1937 онд хэлмэгдүүлэлт явахад манай намын дарга нар хэлмэгдэж байсан. Ардын намын бүх нарийн бичгийн дарга нарыг буудаад алаад дууссан. Бид хэлмэгдүүлэлт дахин битгий эхлээсэй гэж хүсч байна.
-Төрийн албаны халаа сэлгээ явагдаж байна. Төрд ажиллаж байгаа сэхээтнүүдийн төлөөлөл нэг намын эрх ашгийн төлөө дуугарах нь өөрсдөд нь халгаатай байх биз?
-1996 онд АН-ынхан Засгийн эрхэнд гарчихаад тухайн үед манай намын гишүүн байсан 3000 гаруй хүмүүсийг төрийн албанаас халсан байдаг. Ингэж болохгүй гэдгийг бид олон удаа хэлсэн. Олон жил бэлтгэгдэж ирсэн, тухайн үеийн МАХН /МАН/ хэмээх төв намын боловсон хүчнүүд чадвартай бэлтгэгдэж байсан. Тэр үед халагдсанаас хойш нэг ч удаа ажил хийгээгүй хүмүүс олон бий. 2000 онд төрийн эрх авсаны дараа мэдээж тодорхой хэмжээний хүмүүсийг буцааж төрийн албанд томилох нь тодорхой биз дээ. Яам, тамгын газар, төр засгийн ажил урагшилж, төр засаг амьсгалж байх ёстой биз дээ. Улсыг амьдруулахын тулд тэднийг томилсоны дараа хариугаа авч байна гэдэг нэрээр Ардын намд ажиллаж байсан, тэдний угшилтай гэдэг нэрээр хүмүүсийг хомроглон халж байгаа нь үнэхээр хүнд тусч байна. Төрийн алба гэдгийг үгүй хийхийн эхлэл болж байна. Төрийн албыг тарааж байгаа нь буруу. Үнэхээр хүсч байгаа бол төрийн албаа жинхэнэ зөв болгоод, улс төрөөс хараат болгож, аливаа асуудлаас ангижруулах ёстой. Ямар нэг байдлаар тэр хүмүүс төрд үлдэнэ. Тэгэхээр нийтийн алба гэж нэрлэнэ үү, нэрийг нь яаж өөрчлөх нь хамаагүй. Өөрийнхөө намын угшилтай, ах дүү амраг саднаараа төрийн албыг дүүргэж байгаа нь инээдэмтэй байна. Ийм хөгийн, харахад явуургүй, ойрын зайны зүйлийг харахааргүй хүмүүс юмсан. Гэтэл ийм байдлаар л ажиллаад байна. Эргэж хараад, ярилцаж зөвшилцөж ажлаа хиймээр байна. Парламент ёс гэж байхгүй боллоо. Парламент ёс гэдэг нь аюулгүй байдлын жинхэн тулгуур нь болж байсан гэдгийг ойлгохгүй байна. Монгол Улсын хөгжлийн төлөө хамтдаа яагаад ажиллаж болохгүй гэж. Бүх нам, эвсэл, хөдөлгөөнүүд ажиллаж байна шүү дээ.
-Олон жил бугшаад байсан хүнд суртал, ажлын хариуцлагагүй байдлыг арилгаж төрийн албыг шинэчилж байгаа юм биш үү?
-Шинэчлэл гэдэг бол хүн биш. Хүнд тулгуурлаж шинэчлэл хийх гэж байгаа бол яг ямар шинэчлэл вэ гэдгээ тодорхойлоод түүндээ тааруулж хүнээ сонгох ёстой. Тэрнээс биш очсон хүн нь би нэг юм шинэчлэх гэж байна гээд яваад байвал дутмаг харагдаад байна. Монгол Улсын Засгийн газар хэдэн удаа байгуулагдаж байсан билээ. Тэд байгуулагдах болгондоо шинэчлэгдэж байсан. Нэр томъёо өгсөнөөр шинэчлэгдээд байгаа юм байхгүй. Улаанбаатар хотод хийж байгаа ажлыг нь хараад Э.Бат-Үүл баатарт баяр хүргэмээр байна. Гэхдээ үүнийг чинь үе дараалалтай хийж байсан. Улаанбаатар хот байгуулагдсанаас хойш үе дараалалтай хөгжлийн бодлого явагдаж байсан шүү дээ. Ганц хүн очоод хийгээд байгаа юм биш. Баатар даргад ажил хийж байгаад нь баяр хүргэе. Гэхдээ үе үеийн уламжлал, нийслэлийн төлөө зүтгэж, ажил хийж байсан хүмүүсийг сонсч, хамтарч ажиллах ёс байдаг юм шүү гэдгийг сануулмаар байна. Наранцацралт даргыг хотын даргаар очиж байхад Ардын намынхан дэмжиж байсан. Дараа нь орлогчоор очсон олон сайн дарга нарыг дэмжсэн. Яагаад вэ гэхээр, тэд хотод төрж өссөн, хотын ажлыг сайн мэддэг учраас дэмжсэн. Энэ бүхнийг үргэлжлүүлэх нь зөв. Тодорхой хүмүүстэй би санаа нийлж ажиллаж байгаагүй үе байсан. Бүр эсэргүүцэж ажиллаж байсныг Баатар дарга мэдэж байгаа. Хотын асуудлаар хэн хэнтэй маргалдаж байсныг санаж байгаа байх. Нэг нам аваад хийчихдэг асуудал биш. Үе дамжин хийгдэж байсан асуудал юм. Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал бодлого болж аль 1986 оны төлөвлөгөөнд тусгагдаад явж байхад тухайн үед зарим дарга нар зогсоосон гэдгийг үгүйсгэхгүй. Өмнө нь ямар ямар ажил хийгдэж явж байсан гэдгийг хотын намын бүлэгт байгаа ИТХ-ын гишүүдээр дамжуулан хүргэж ажиллана. Шаардлага тавина, хариуцлага нэхнэ, бас дэмжиж ажиллана. Энэ ажил Ардын намын төлөө биш ард түмний төлөө гацахгүйгээр урагшлах ёстой.
-Өөрөөр хэлбэл, төр засгийн залгамж чанар алдагдаж байна гэж дүгнээд байна уу. Ардын намын гишүүд ингэж шүүмжилдэг?
-Тодорхой нэг улс төрийн хүчин ялаад гараад ирсэн тохиолдолд өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэгэхээр заавал тэр засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зүйлийг бүгдийг нь хэрэгжүүлнэ гэсэн зүйл байхгүй шүү дээ. Монгол Улс яаж хөгжих ёстой гэдгийг тусгасан мянганы хөгжлийн бодлого зэрэг шаардлагатай зүйлсийг мөрийн хөтөлбөрөөс гадна тусгаж өгөх ёстой. Түүнийг хэрэгжүүлэх нь чухал байна.
-МАН бүлэггүй байгаа. Олон зүйлд шахалт ирээд байгаа учраас маргаашнаас гудамжинд гарч тэмцэх талаар ярьж байх шиг байна?
-Ярилцаж байна. Тодорхой асуудлаар улс төрийн нам эвсэл, хөдөлгөөнүүдтэй уулзаж санал солилцсон. Тэднийг дуугарах ёстой гэж уриалж байгаа. Нам хөдөлгөөн гэдэг нь тодорхой иргэдийн үзэл бодлоо нэгтгэсэн нэг хэлбэр шүү дээ. Тэдэнтэй хамтарч ажиллах талаар ярилцаж байна. Манай намын дарга сая мэдээлэл хийлээ. Хууль яаж явж байсан. Гэтэл хуулийг хэрхэн өөрчилсөн бэ гэдгийг С.Чинзориг маань сая хэллээ. Тэвчээрт бас хязгаар байдаг. Парламентад сууж байгаа бүх гишүүддээ хэлэхэд ямар нэг юманд хязгаар байдаг шүү. Өөрт хэзээ нэг цагт ирнэ. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр хэзээ нэг өдөр бууна. Түүх рүүгээ буудвал эргээд их буугаар хариу өгнө гэдгийг ойлгохгүй байна. Шийдвэр гаргахдаа долоо хэмжиж нэг огтолмоор байна. Сэтгэлийн хөөрлөөр асуудлыг шийдэж байгаа. Парламентад суух асуудлаар болоод улс орны эрх ашгийг хөндөж болохгүй юм шүү дээ Ардын нам гэдэг ардын намаараа л байгаа. Сонгуульд ялагдсанаас болоод байгаа юм биш. Манай гишүүд байна. Бид дуугарах, ажиллах нас байна. Улс эх орныхоо төлөө явна. АН-д байгаа манай үеийн залуус үүнийг зөвөөр ойлгомоор байна. Үе гэж бий. Хамтарч ажиллах цаг нь ирнэ шүү. 1990-ээд онд коммунист намтай ажиллахгүй гэж ам тангарагаа өргөчихөөд дараа нь танай засгийн газарт орно гэж гуйж байгаад орсон хүмүүс бий. Бидний цаг ирнэ дээ. Уулзаж болохгүй болтлоо, эргэж уулзахгүй юм шиг ааш нэг нэгэндээ битгий гаргаасай.
-Ардын нам МАХН-тай нэгдэх талаар яригдаж эхэллээ. Ардын намын гишүүд ч үүнийг үгүйсгэхгүй байна?
-Би тодорхой байр суурийг илэрхийлмээр байна. Нэгдэх асуудал байхгүй. Хамтарч ажиллах зүйл байгаа.
-Орон нутгийн сонгуулийн бэлтгэлээ хийгээд эхэлчихсэн үү?
-Бид бэлэн байна. Хүмүүс маань ажлаа эхэлчихсэн байна. Мөрийн хөтөлбөрийн дагуу ярих зүйлээ яриад цэгцэлсэн. Нэр дэвшч байгаа хүмүүс маань тодорхой хэсэг нь шинэ байна. Шинэ хүмүүс маань яриагаа жигдэлж, ард түмнийхээ дунд ороод бид ардын нэг шүү гэдгээ үзүүлээд явж байна.