О.Магнай : Нөөцөлсөн шатахууныг хуучин үнээр нь борлуулна
О.Магнай
2012.10.17

О.Магнай : Нөөцөлсөн шатахууныг хуучин үнээр нь борлуулна

Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай ажлаа аваад cap хүрэхгүй хугацаанд нийгмийн тулгамдсан цөөнгүй асуудлыг эхнээс нь цэгцэлж эхэлсэн. Ийнхүү олон ажлыг шуурхайлж буй түүнийг Засгийн газрын хуралдаанаар улсын ерөнхий байцаагчийн эрх олгосон билээ. ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас дараах асуултад хариулт авлаа.

-Та ажлаа аваад цөөнгүй аж ахуйн нэгжүүдэд торгууль тавьсан. Хэд нь танай шаардлагыг биелүүлж торгуулиа төлөв?

-ШӨХТГ-аас Монголд үйлчилж байгаа хуулийн дагуу дээд тал нь 10 сая төгрөгөөр хууль зөрчсөн аж ахуйн нэгж байгууллагуудыг торгож байгаа. Одоогоор долоон аж ахуйн нэгжид 10 сая төгрөгийн торгууль ногдуулаад байна. Бүгд торгуулиа төлсөн.

-Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ШӨХТГ-ын тавьсан торгуулийг хүлээж аваагүй гэсэн. Түүнчлэн компанийн удирдлагууд танд эсэргүүцлээ бичгээр илэрхийлж байгаа гэх яриа байна. Энэ асуудал юу болов?

-Компаниудын удирдлагуудтай уулзаж тохиролцсон. Улмаар 11 дүгээр сарын 1-ээс эхлэн Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд стандарт дүрмээ мөрдөн ажиллахаар болсон. Бидний дунд ямар нэгэн үл ойлголцох байдал үүсээгүй.

-Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг зарим компаниуд хар талх үйлдвэрлэн гаргахдаа будаг ашигладаг гэсэн иргэдийн гомдлоор шалгалт хийсэн гэсэн. Шалгалтын дүн гарсан уу?

-ШӨХТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтраад энэ тал дээр шинжилгээ судалгаа хийсэн. Ингэхэд Монгол Улсад үйлдвэрлэж буй хар талхыг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийдэг болох нь тодорхой болсон. Тиймээс иргэд энэ тал дээр санаа зовох хэрэггүй гэдгийг сануулмаар байна.

-Хуучирч муудсан лифт дээр пайз зүүнэ гэсэн. Энэ ажил ямар шатандаа явж байна?

-Хуучирч муудан ашиглалтын хугацаа нь дууссан лифтэнд пайз хадахгүй. Харин ашиглагдаж буй бүх лифтүүдийг хэзээ хамгийн сүүлд зассан, баталгаат хугацаа нь хэдий хүртэл гэдгийг пайзан дээр бичиж хадахаар болсон. Энэ ажлыг бид хотын захиргаатай, БХБЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулахаар болсон. Удахгүй пайзжуулаад эхэлнэ.

-Лифтний асуудлыг ямар байгууллага хариуцаж ажилладаг юм бол?

-Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ асуудлыг хариуцан ажилладаг ганц байгууллага. Тэд энэ тал дээр дүрэм журам гаргадаг. Гэвч нэг ч удаа хэрэгжээгүй. Бид ийнхүү дарагдсан бас нэг ажлыг ил болгон гаргаж ирлээ. Энэ ажлаа холбогдох сайд дарга нарт нь танилцуулсан. Түүнчлэн холбогдох сайдад албан бичиг ч явуулсан.

-Шатахуун импортлогчдын 17 тэрбум төгрөгийн асуудлыг та эргүүлэн сөхөж эхэлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?


-ШӨХТГ-т зөвлөл гэж байдаг. Хуулиараа тэр зөвлөлийг ерөнхийдөө шинээр бүрдүүлэх саналыг Ерөнхий сайдад тавиад байгаа. Ерөнхий сайд өнгөрсөн Засгийн газрын хуралдааны дараа надад хэлэхдээ ойрын үед зөвлөлийг бүрдүүлнэ гэсэн. Харин зөвлөл бүрдсэний дараа 17 тэрбум төгрөгийн асуудлыг авч ярина. Ер нь 17 тэрбум төгрөгийн асуудлыг тэглэсэн нь цаанаа хардалт төрүүлж байгаа. Тиймээс АТГ-аар энэ асуудлыг шалгуулж байна.

-Хуурамч архины асуудал иргэдийг түгшээж байна. Наркологийн төв эмнэлэг хуурамч архинд хордсон иргэдийн хөлд дарагдаж байгаа. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Одоогоор ажлын хэсэг гарсан. Энэ ажлыг Эрүүл мэндийн сайд ахалж байна. Түүнчлэн энэ асуудал дээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, МХЕГ-ын дарга болон миний бие хамтран ажиллаж байна. Ойрын үед энэ асуудлаар хуралдана. Хуурамч архитай холбоотой асуудлыг нэг тийш нь шийднэ.

-Шатахууны импортын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун импортлогч компаниудаас үнээ нэмэх асуудлаар танд мэдэгдсэн үү?

-Яг өнөөдрийн байдлаар ирүүлээгүй байна. Урьд нь бол Оросоос гарсан шийдвэрийн маргааш нь шатахууны үнэ нэмэгддэг байсан. Одоо бол тийм зүйл гарахгүй. Яагаад гэвэл урьд нь ороод ирсэн бензин л байгаа шүү дээ. Бид үүн дээр тооцоо судалгаа хийж байгаа. Нөөцөлсөн бензин нь дуусаад түүнчлэн татвар шинээр батлагдсаны дараа бензиний үнэ нэмэгдэх байх. Тухайн үед нь бид мэдээлэл өгнө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.