2025.05.02

Ж.Чинбүрэн: Хууль бус юм шаарддаг дарга нарын үгэнд битгий ор!

Улсын Их Хурлын өнөөдрийн /2025.05.02/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

Бид ЭМД-ын Үндэсний зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонсдог болсноороо том дэвшил гарч байна. Нэр нь дэвшиж байгаа хүнд зориуд анхааруулж хэлэх зүйл байна. Тухайлбал Т.Мөнхсайхан сайдын дураараа худалдаад авчихсан баахан хөнгөлөлттэй эмийн тухай ярих гэж байна. Хуулийн процессоо зөрччихсөн, Сангийн яам, Эдийн засгийн яамтай үнийн дээд хязгаар хамтарсан гурван яамны сайдын журам тогтоол нь ч гараагүй байхад нэг компанитай очоод гэрээ хийчихээд түүнийгээ зөвтгөөд байдаг. Монголд хууль засагладаг юм шүү. Тэгэхээр нэр дэвшиж байгаа та бүхэн анхаараарай. Тухайлбал, ЭМДҮЗ-ийн тогтоол байна. 2022 оны долдугаар сарын 4-ний өдрийн тогтоол. Үүнийг С.Энхболд сайд байхдаа гаргасан. Үүн дээр Захиргааны ерөнхий хуулийн 59.2-т зааснаар эмзүйч өөрийн эрхээ бусдад шилжүүлсэн. Замбараагаа алдаж байна. Хуулиар олгодгоос бусад тохиолдолд эрхээ шилжүүлэхийг нь хориглосон байгаа. Т.Мөнхсайхан сайд 2025 оны гуравдугаар сарын 17-нд ЭМДҮЗ-ийн 2022 оны 11-р тогтоолын хавсралтаар баталсан ЭМДС-аас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг шинэчлэн боловсруулж 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр ЭМДҮЗ-өөр хэлэлцүүлэх тухай, өөрчлөн оруулах тухай тогтоол гаргачихаад тэрийгээ гарч амжаагүй байхад эмийг нь хөнгөлөөд, Солонгосын 5 компаниас авсан 23 эмээ хөнгөлөөд явуулчихаад байгаа шүү дээ. Хуулийн процессоо зөрчөөд байна. Тиймээс ҮЗ-ийн гишүүд та бүхэн сонгогдоод ажиллавал хуулиа анхаарч хардаг бай. Хууль бус юм шаарддаг дарга нарын үгэнд битгий ор! Хуулиа биелүүлдэг бай! Дураараа хэдхэн компанитай ярьчихаад даатгалын хөнгөлөлтөөр олгож байгаа эмийг аль болохоор их болгож ард иргэддээ эмнэлэгт хэвтэхгүй байх боломжийг нь олгох гээд хөнгөлөлтүүдийг 170 тэрбум болгоод өгчихсөн байгаа. Тэгтэл багахан худалдан авалт хийсэн гээд ЭМДҮЗ-ийн дарга нь яриад сууж байх юм.