
Х.Тэмүүжин: Төрийн гол ноён нуруу болох парламент бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй, том ухралт хийсээр байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин парламент чиг үүргээ бүрэн биелүүлэх, Ерөнхий сайдын мэдээллийн цагийг хуульд нийцүүлэх, чуулганы танхимд хэн нэгэн албан тушаалтан худал мэдээлэл хэлдэг энэ тогтолцоог хууль эрх зүйн хувьд өөрчлөх цаг болсныг хэллээ.
1992 оны Үндсэн хуулийн гол үзэл санаа нь эрх мэдэл хуваарилалтын зарчим байсан. Энэ эрх мэдэл хуваарилалтын зарчмын нэг агуулга бол УИХ-д төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг дангаар хэрэгжүүлнэ гэдэг ийм заалттай. УИХ-ын бүрэн эрх дотор нь улс орны гадаад, дотоод бүхий л асуудлаар шийдвэр гаргах энэ эрх мэдэл хадгалагдаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улс бол парламентын ардчилал буюу УИХ-аас үндсэн хуулийн байгууллагаараа гол шийдвэр гаргах төрийн гол ноён нуруу болох ёстой. Энэ чиглэлээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд харагдахгүй боловч хэлбэрийн том ухралтууд хийсэн юм байна гэдэг дүгнэлтийг хийсэн.
Үүний нэг нь
УИХ-ын хоймор толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд гараад суучихдаг юм байна. УИХ-ын чуулган, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд буюу Засгийн газраас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр төрх харагддаг юм байна. Парламентын ардчилал бүхий Үндсэн хуульт улс орнуудын парламентаас харахад парламентынх нь танхимд буюу чуулганы танхимд толгой дээр нь Ерөнхий сайд гарч суудаг нэг ч парламент алга. Тийм учраас АН-ын бүлгийн зүгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулаад, УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихсан байгаа байдлыг зогсоож, Үндсэн хууль дээр байгаа УИХ 126 гишүүнээс бүрдэнэ гэсэн бол тэр агуулгаараа л 126 гишүүнийхээ дунд орж суух ёстой гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэх хуулийн төсөл өргөн барих гэж байна
Хоёр,
УИХ-ын дэгийн тухай хуульд Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг зохицуулалт байна. Ерөнхий сайд энэ мэдээллийнхээ цагаар ямар мэдээлэл өгөхийг өөрөө сонгож, УИХ-д санал болгодог. Ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч УИХ эргэлддэг байдал нь, УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцна гэдэг зарчмыг эвдэж байгаа юм байна. Үндсэн хуулийн бусад парламентад, парламентын гишүүд нь асуудаг, харин Ерөнхий сайд нь би ийм юм яримаар байна гэж санал тавьдаггүй. Тийм учраас Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг гэж өөрчлөөд, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Засгийн газраас ямар асуулт асуух гэж байгаа, үүнийгээ мэдэж асуудаг. Энэ асуултынх нь хүрээнд, Ерөнхий сайд ирж, тайлбар мэдээлэл өгдөг. Биечилж тайлбар мэдээллийнхээ хүрээнд хариуцсан сайдаа дагуулж орж ирдэг. Энэ зарчим руу шилжихгүй бол парламент хяналтаа тавьж бүрэн чадахгүй байна. Эсрэгээрээ УИХ бол Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо гэдэг бодит шүүмжлэл яваад байгаа юм байна. Ийм учраас Ерөнхий сайдын мэдээллийн цаг гэдэг биш УИХ-ын асуулгын цаг гэдэг зарчмаар УИХ-ын гишүүд асууж, Ерөнхий сайд асуултад нь хариулах замаар улс орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, ажлын төлөвлөлт, биелэлтийг УИХ-ын өмнө хариуцдаг үндсэн хуулийн зарчим агуулга хэрэгжих ёстой.
Гурав,
УИХ-ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ-ын нэгдсэн чуулган дээр үг хэлж мэдээлэл өгч байгаа албан хаагчид, албан тушаалтнууд хариуцлагатай гэдэг тогтолцоог, оруулж ирэхгүй бол УИХ-ын чуулган дээр илт худал ярьдаг байдал газар авлаа. Үндсэн хуульд болон бусад хууль тогтоомж дээр зааснаар УИХ-ын гишүүн, УИХ-ын чуулган дээр бусдыг гүтгэж доромжлохоос бусдаар хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. УИХ-ын гишүүдээс бусад албан тушаалтан УИХ-ын чуулган дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байх ёстой. Гэтэл 126 гишүүнээс гадна бараг төрийн бүх албан тушаалтнууд УИХ дээр ирж,хариуцлагагүйгээр худлаа хэлэх хэмжээний ийм тогтолцоо бий боллоо.Үүнийг зогсоохын тулд УИХ-ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Иргэдийг худал мэдээлэл хэллээ гэж, шийтгэдэг, гэтэл эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хуулийн хариуцлагагүй байдаг байж ерөөсөө болохгүй. Тийм учраас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-д худал мэдээлэл хийсэн албан тушаалтан, нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалтыг хийхээс өөр аргагүй байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn