2025.06.10

Б.Баярбаатар: Нийслэл, орон нутгийн 6000 төрийн албан хаагчдын санал бодлыг сонссон, үүнийг салбарын хууль, тогтоомжид тусгахаар ажиллаж байна

2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлага бий. Тийм учраас  шинэ парламент хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн ГУРВАН чиглэлээ тодорхойлсон юм. 

  • Нэгдүгээрт, Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ. 
  • Хоёрдугаарт. Хууль тогтоомжийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэлд анхаарна.
  • Гуравдугаарт. Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргаж ажиллана.

Энэ хүрээнд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгаа. Миний хувьд Төрийн албаны тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай, Төрийн худалдан авалтын тухай хуулийг шинэчлэн боловсруулах гэсэн ийм гурван хуулиудын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Заримыг нь ахлаад ажиллаж байгаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүй дэгийн байнгын хорооноос санаачлан Төрийн албаны зөвлөлтэй хамтарч нийтдээ орон нутгийн 6 бүс, нийслэл ороод 7 бүсэд 2 сарын хугацаанд төрийн албан хаагчийн бүсчилсэн зөвлөгөөнийг зохион байгуулаад өндөрлөлөө. Гол агуулга нь парламентаас батлагдах эрх зүйн актууд бүгд гол субъектив шинж чанараа агуулж, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчдээсээ саналуудаа тусгаж байж, хуулийг батлах нь, хэрэгжилтдээ их үр нөлөөтэй байх юм. Ингэж чадвал хууль өөрөө эрх зүйн хувьд хүчтэй ийм эрх зүйн акт гарна. Энэ агуулгаараа бүсчилсэн зөвлөгөөнд бараг 6 мянга орчим төрийн албан хаагч хамрагдаж, төрийн албаны шинэтгэл болон Төрийн албаны хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, соён гэгээрүүлэх хөтөлбөрт саналуудаа орууллаа. Энэ саналуудаа нэгтгээд хуульд тусгах зорьж ажиллаж байна.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа