Д.Амарбаясгалан: АН ялихгүй асуудалд бойкот хийхээ боль, хэндээ эрхлэх гээд байгаа юм!
2025.05.02

Д.Амарбаясгалан: АН ялихгүй асуудалд бойкот хийхээ боль, хэндээ эрхлэх гээд байгаа юм!

УИХ-ын өчигдрийн /2025.05.01/ хуралдаан дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг 3 хоног завсарлага авах хүсэлтээ илэрхийлж улмаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 1 өдрийн завсарлага авах зөвшөөрөл өгсөн. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Баярмааг “Баярцогт дарга” гэж санаатайгаар гүтгэн доромжилсон тул хэлсэн үгэндээ уучлал гуйхыг Ардчилсан намаас шаардсан. Улмаар уучлал гуйх хүртэл хугацаанд Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанаас Ардчилсан намын бүлэг завсарлага авах чиглэлийг Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн удирдлагад өгөөд байсан юм. Гэвч Ерөнхий сайд уг хүсэлтийг биелүүлэгүй тул ийнхүү УИХ-ын өчигдрийн чуулганаас завсарлага авахаа илэрхийлсэн билээ. 

Энэ асуудлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа ийн илэрхийллээ.

Би өглөө АН-д завсарлага өгөхдөө тодорхой хэлсэн. Өнөөдрийн завсарлага өгсөн шалтгаан бол хэн нэгний уучлалт гуйх, гуйхгүй асуудал огт яригдаагүй. Дэгийн тухай, УИХ-ын тухай хуулиараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж завсарлага авдаг. Тэгэхээр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авсан. Хэрэв хамтарсан ЗГ байгуулсан МАН, АН, ХҮН нам зэрэг намуудын хооронд үл ойлголцол, улс төрийн асуудал байгаа бол  хамтарсан ЗГ байгуулахаар гарын үсэг зурсан зөвлөл хоорондоо уулзаж асуудлаа ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг нэгэндээ гомдсон, туньсан байдалтайгаар УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй. Энд төрийн ажил явж байна. Аль аль талдаа зарчимтай хандах ёстой. Аль аль талдаа хүндэтгэлтэй хандах ёстой. Цаашдаа УИХ-ын чуулган дээр хоёр гишүүн хоорондоо үг чулуудсанаас болоод УИХ-ын үйл ажиллагаа гацаж саатаад сууж байдаг жишиг рүү бид орох юмуу? Би тийм жишигт оруулахгүй. Энэ үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явж байх ёстой. Хэрэв асуудал байгаа бол хамтарсан ЗГ байгуулахаар гарын үсэг зурцгаасан улс төрийн намын удирдлагууд, намын дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, бүлгийн дарга нар  улс төрийн намын удирдлагууд хоорондоо асуудлаа ярьцгаа. Энэ бол УИХ-ын асуудал огт биш. Хэндээ эрхлээд байгаа юм. Ард түмэнд эрхэлнэ гэж байхгүй шүү дээ. Ард түмэн ажлаа хийгээд сонгосон. Ард иргэдийн амьдрал тийм сайхан байна гэж бодож байна үү? Танхим дотор хэрүүл хийгээд сууж байхын оронд ард түмнийхээ аж амьдралыг яаж сайжруулах вэ, орлогыг нь яаж нэмэгдүүлэх үү, үүсээд байгаа ЭЗ-ийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэрхэн даван туулах уу гэдэг асуудал дээр өнөөдөр хэрэлдээд сууж байх ёстой. Гэтэл энд ялих шалихгүй асуудлаар хэрүүл хийгээд, бойкот хийх гээд сууж байдаг.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн