Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2025.04.29/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцлээ.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч Баяраагийн Рагчааг Улсын Их Хуралд санал болгосон.
Нэр дэвшигчтэй холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж буй сувилал, уламжлалт болон сэргээн засах тусламж, үйлчилгээний үнэлгээ, уялдаа холбоог нэн түрүүнд ялгаж, салгах шаардлагатай байгааг дурдахын зэрэгцээ даатгалын үйлчилгээг нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөртэй уялдуулмаар байна. Тодруулбал, нэг өвчин тусахад хоёр дахь эрсдэл бий болдогт анхаарч, хагалгаанд орсон, хавдрын дараах эмчилгээ, чихрийн шижин өвчтэй хүмүүсийн яах вэ гэдэг нь хоёр дахь урьдчилан сэргийлэлт мөн. Үүнийг цэгцлэх нь чухал гэж байлаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг группэд оруулахын тулд үзлэг, оношилгоонд оруулсан талаарх мэдээллийг эргэж ашигладаг болох нь чухал тул энэ асуудалд онцгойлон анхаарч ажиллахыг захив.