МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ
2023.11.22
Барилга, Хот байгуулалт

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийслэл хотын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэл хот өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй болсныг сайд танилцуулгадаа дурдаад нийслэл хотод тулгамдаад байгаа төвлөрөл, төлөвлөлт дагасан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдалд хүрээд байна гэж байлаа.

Мөн хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, тохижилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цаг болсон. Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл, нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ цааш үргэлжилбэл 2030 он 5 км цаг, 2040 он 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын авто замын сүлжээний урт сүүлийн 10 жилийн хугацаанд 531-1213км болж 43 хувиар нэмэгдсэнийг сайд танилцуулгадаа тодотгоод нийслэл хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг авто замын нэвтрүүлэх чадвар хангаж чадахгүй байна.

Судалгаагаар 2021 онд Улаанбаатар хотод түгжрэлээс үүдсэн нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн улмаас алдагдсан боломжийн өртөг 3.8 их наяд төгрөгт хүрч, энэ нь Монгол Улсын ДНБ-ий есөн хувьтай тэнцэж, нийслэл хотын хүн амын тоонд харьцуулан үзвэл нэг хүнд ноогдох өртөг 2 сая 478 мянган төгрөг болж байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэв.Улс орнууд түгжрэлтэй бүс тогтоох, шатахууны борлуулалт, татвар ноогдуулах, төлбөртэй зам барих зэргээр замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах олон шийдлийг хэрэгжүүлж байгаагаас түгжрэлтэй бүсийг тогтоох нь замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад өндөр нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Улаанбаатар хотод замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарлалтыг тогтоох, төлбөрийг төлбөртэй бүсэд нэвтрэх тоогоороо 00-оос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэлх хувьтай тэнцэх мөнгөн дүнтэй байхаар тогтоож, төлбөрийн хэмжээг энэ хязгаарт багтаан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоохоор хуулийн төсөлд тусгалаа. Төлбөртэй бүсийн төлбөрөөс тус бүсэд оршин суугч иргэний тээврийн хэрэгслийг 90 хувь, зөвшөөрөлтэй такси үйлчилгээг 50 хувиар хөнгөлнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулагдсан тээврийн хэрэгсэл байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, бүрэн дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүн тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгслийг төлбөртэй бүсийн төлбөрөөс чөлөөлөхөөр тусгалаа.

Түгжрэлийн төлбөрийн орлогоор нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зарцуулах бөгөөд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, төвлөрсөн багтаамж ихтэй авто зогсоолын асуудлыг шийдсэний дараа төлбөртэй бүсийг тогтоож, төлбөр ноогдуулах зохицуулалтыг хэрэгжүүлж эхлэхээр тусгасныг сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн такси үйлчилгээг хуульд заасан нөхцөл аюулгүй байдлын шаардлага хангасан этгээд тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх, түүнд тавих хяналт зохицуулалтыг бий болгохыг зорилоо. Авто тээврийн хэрэгслийн хэрэглээг татварын бодлогоор хязгаарлах хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар тусгалаа. Улаанбаатар хотод бүртгэлтэй суудлын автомашины татварын дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээс гадна Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, олон улсын гэрээ конвенцын дагуу Монгол Улс нь нүүрсхүчлийн хийн хэрэглээг хязгаарлах бодлогын хүрээнд нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ноогдуулдаг татвар болон агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан гэж байлаа.

Нийслэлийн хүн амын тал хувь нь гэр хороололд буюу инженерийн дэд бүтцийн хангамжгүй, агаар, хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч байна. Хуулийн төсөлд нийслэл хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвүүдийн байршил, гэр хорооллыг орон сууцжуулах, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, газар чөлөөлөлтийн нөхөн олговрын газрыг газраар дүйцүүлэн олгох, газрыг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр, газрын нөхөн олговрыг мөнгөн зардлаар худалдан авах бусад боломжит хэлбэрээр олгож байхаар тусгасныг Б.Дэлгэрсайхан сайд танилцуулгадаа тодотгохын зэрэгцээ нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл төлөвлөлтийн алдаанд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор нийт 25 хуулийн төсөлд холбогдох өөрчлөлт оруулахаар багцаар нь боловсруулсныг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг дагалдуулан нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийдэг худалдан авах ажиллагааны олонхыг нь тендергүй хийхээр өөрчилж болохгүй гэсэн байр суурийг илэрхийлээд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах" агуулгатай зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо

ШИНЭ МЭДЭЭ