МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.16
Улстөр

Х.Болорчулуун: Энэ хууль батлагдсанаар салбарын, яамдын жижиг дотоод ажилд оролцоод байхгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.16\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: "Парламенттай бүх орнуудад, ялангуяа хөгжилтэй орнуудад дандаа байдаг ийм хууль. Манайх парламентийн засаглалтай 30 жил болсон атлаа огт хэрэгжээгүй. Хүнээр бол өрөөсөн гараараа ажиллаад байсан гэсэн үг. Хууль гаргаад л байдаг, хуулийнхаа биелэлт хэрэгжилтэд хяналт тавихад хууль нь хангагдаж ажиллахгүй байсан.

УИХ хууль тогтоох байгууллага гэж зөвхөн хэлэх биш хууль тогтоох, хяналт хэрэгжүүлэх байгууллага юм шүү дээ.

Түрүүн Ц.Даваасүрэн гишүүний хэлсэн шиг хүчний байгууллагууд зүй бус, буруу шийдвэр гаргадаг, дураараа авирладаг, монголчуудын хэлдгээр төмсөгддөг байдалд хяналт тавина. Нэг хэсэг хэтэрсэн шүү дээ. Но-той улс төрчдийг хөдөлгөхгүй болсон, дураараа авирласан. Сэлэм сугалж байгаа юм шиг айлгадаг болсон тэр байдал арилна гэж бодож байна. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл учраас ард түмний нэрийн өмнөөс зөвхөн хууль тогтоогоод байх биш, хяналтыг дээд шатны байгууллага, хууль хүчний байгууллагад сайн тавих ёстой. Түүнээс гадна энэ хууль гарснаараа салбарын, яамдын жижиг дотоод ажилд оролцоод байхгүй.

Томоохон асуудал, Эрдэнэт шиг мафи явагдсан асуудалд чиглэж хяналтаа тавьж хэрэгжүүлнэ гэж ойлгож байна.

Хамгийн их санаа зовж байгаа асуудал нь манайхан монголчилно гэж ярьдаг, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлоно гэгчээр гадны оронд хэрэгжиж байгаа хуулиудын хүч  чадлыг нь муутгаад үлбэгэр хууль болгочих вий. Энэ хуулиар нотлох баримт бүрдүүлнэ, мөрдөн шалгах, гэрч дуудаж ирүүлэх гэж байгаа. Мөрдөн шалгах гэдэг үгийг нь тусгай ажиллагаа гэдэг үгээр сольсон гэв үү?

Муутгаж болохгүй. Бид шинэ юм зохиох биш аль улсын парламентаас илүү түлхүү жишээ авч хэрэгжүүлсэн бэ гэдгийг асууя. Энэ хууль хэрэгжиж гарснаар Их хурал Их хурал шиг хурал болж, хүнээр бол хоёр гараараа ажиллаж нэг талдаа хуулиа тогтоож, нөгөө талдаа хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьж ард түмний төлөөлөл болох боломж жинхэнэ утгаараа бүрдэнэ гэж ойлгож байна."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ