http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Мөнхбаатар: Цар тахлын үед Засгийн газар тогтвортой ажиллах ёстой
2021.11.02
Эрүүл мэнд

Л.Мөнхбаатар: Цар тахлын үед Засгийн газар тогтвортой ажиллах ёстой

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай 2022 оны төсөв, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Та гишүүдийн хамт Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуульд өөрчлөлт оруулах гол шаардлага юу байна вэ? 

-УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, дэд сайдууд, аймгийн Засаг дарга нар, тэдгээрийн ажлын алба болон бусад сонгогддог болон томилогддог улс төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хуулиудаар салбарын мэргэжлийн болон ур чадварын шаардлага тавигддаггүй. Гэтэл төрийн захиргааны албан тушаалд мэргэжлийн, ажилласан жилийн, боловсролын зэргийн, ур чадварын өндөр шаардлагууд тавигддаг.

Тухайлбал, Төрийн нарийн бичгийн даргад төрийн албанд 16 жил ажилласан байх, цаашлаад төрийн захиргааны бүх албан тушаалд ажилласан жилийн шаардлага тавьдаг байхад түүнийг удирдан ажиллах дэд сайд, сайдад ядаж л төрийн албанд ажилласан байх шаардлага тавьдаггүй. Мөн үүний адил сайд, дэд сайдад тухайн салбарт хамаарах мэргэжил эзэмшсэн эсэх шаардлага тавьдаггүй нь яамныхаа эрхлэх асуудлын хүрээнд яам, агентлаг, бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь бэрхшээл учирдаг.

Төрийн улс төрийн албан тушаалтнуудтай холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн зөрчлүүд аль ч үед гарсаар ирлээ. Ингэснээр төрийн албаны нэр хүндийг унагаж, иргэдийн төрдөө итгэх итгэлийг сулруулж байна. Энэ нь албан тушаалд тавих шаардлага намдсан буюу наад захын шаардлага тавьдаггүйтэй холбоотой гэж үзэж байгаа.

-Улс төрийн албан тушаалтныг томилох шалгуурыг тодорхой болгоно гэдгээ тодруулахгүй юу?

 -Нэгдүгээрт, төрийн улс төрийн албан тушаалд төрийн жинхэнэ албан тушаалд хамаарах нийтлэг шаардлагуудыг тавья. Үүнд, Монгол Улсын иргэн байхаас эхлээд, дээд боловсролтой байх, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх, сэтгэцийн өвчин, эмгэггүй байх гэх мэт. Үүнээс гадна улс төрийн албан хаагчид ёс зүйн зөрчил гаргаагүй байх, зан төлөвийн доголдолгүй байх зэрэг тусгай шаардлагыг нэмж тавина.

Эдгээр нийтлэг болон тусгай шаардлага нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, тэдгээрийн зөвлөхүүд, бүх шатны Засаг дарга, түүний орлогч нар, улс төрийн албан тушаалтны зөвлөх, туслахууд, намын эвслийн бүлгийн ажилтан гэх улс төрийн албан тушаалтнуудад хамаарна. Хоёрдугаарт, сайд, дэд сайд, Засаг дарга түүний орлогч гэх зэрэг албан тушаалтнууд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх, ажилласан туршлага, мэргэшсэн байдал, эсхүл тухайн орон нутагтаа тодорхой хугацаанд амьдарсан байх зэрэг тусгай шаардлагуудыг бас тавья. 

Гуравдугаарт, улс төрийн албан тушаалтанд бусад төрийн албан хаагч нарын нэгэн адил хариуцлага хүлээлгэдэг болгоё төрийн жинхэнэ албан хаагчид ногдуулдаг сануулах, цалин хасах, ажлаас халах, төрийн албанд тодорхой хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах гэх мэт хариуцлагыг улс төрийн албан тушаалтнуудад оногдуулдаг болгох гэсэн энэ гурван үндэслэлээр хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын хамтаар санаачилсан

 -2022 оны Төсвийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байна. Засгийн газар хэр “шүүсийг нь шахсан” төсөв оруулж ирсэн гэж та үзэж байна вэ?

 -Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлогыг 16.4 их наяд төгрөгөөр, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.1 их наяд төгрөгөөр, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь, эдийн засгийн өсөлтийг таван хувьд хүрэхээр төсөөлсөн байна. Ер нь нэлээн өөдрөг төсөв болсон бөгөөд энэ төлөвлөгөөнд хүрэхийн тулд цаашид эдийн засгийг эрчимжүүлэх ямар арга хэмжээ авч, эдийн засаг хэр хурдан хэвийн горимдоо орохоос олон зүйл шалтгаалах байх. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас улбаатай тээвэр логистикийн хямрал, бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн өсөлт зэрэг нөхцөл байдал ирэх оны эхний хагас хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа.

 Ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан өнөөгийн нөхцөлд, нэгдсэн төсвийн орлогынхоо 26 хувийг эрдэс баялгийн салбараас олдог бидний хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнийг 2022 онд хэрхэн тооцоолсноос үл хамааран угаасаа төлөвлөсөн орлогоо бүрдүүлэх эсэх нь эрсдэлтэй байна.Хэдийгээр бид вакцинжуулалтад найдаж байгаа ч цар тахал цаашид хэр удаан хугацаанд үргэлжилж, хэдэн удаа хувьсан өөрчлөгдөхийг өнөөг хүртэл хэн ч хэлж чадахгүй байна. Тэгэхээр “Ковид-19” халдвартай холбоотойгоор экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан өнөөгийн нөхцөлд, нэгдсэн төсвийн орлогынхоо 26 хувийг эрдэс баялгийн салбараас олдог бидний хувьд уул уурхайн бүтээгдэхүүний үнийг 2022 онд хэрхэн тооцоолсноос үл хамааран угаасаа төлөвлөсөн орлогоо бүрдүүлэх эсэх нь эрсдэлтэй байна.

Тиймээс ядаж л тээвэр, логистик, хил гаалийн нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэр үр дүнтэй, шуурхай авахаас шалтгаалж эрсдэлээ бууруулах боломжтой. Нөгөөтэйгүүр урсгал зардлаа тултал нь бууруулж, зөвхөн нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, харин үр ашиг багатай, эдийн засагт дэмжлэг болохгүй хөрөнгө оруулалтаа ойрын хугацаандаа хойш тавих хэрэгтэй гэж үзэж байна. 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт би орсон учраас тодорхой саналуудаа ажлын хэсэгт тавиад хэлэлцүүлээд явна. 

-Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрийн үр дүнг хэрхэн дүгнэж байна. Ямар үр дүн гарч байгаа гэж үзэж байна вэ?

 -Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн тухайд цар тахалтай холбоотойгоор хэрэгжиж байгаа онцлогтой хөтөлбөр. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан богино хугацаанд хүн амын эрүүл мэндийг дэмжих, эдийн засгийг сэргээх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох зорилготой. Вакцинжуулалтыг зохион байгуулж, ингэснээр бизнесийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээсэн, банкны секторын зээлийн хэмжээг нэмэгдүүлэх замаар тодорхой хэмжээнд аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, ажлын байрыг хадгалсан гэх мэтээр ерөнхийдөө энэ хөтөлбөр нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж байгаа гэж харж байгаа. Ирэх онд энэ хөтөлбөр үргэлжлэн хэрэгжинэ. 

-Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсан гишүүдийн нэг нь та. УИХ баталсан хуулийнхаа хэрэгжилт болон Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих талаасаа ямар өөрчлөлт орох вэ? 

-Парламентын үндсэн чиг үүрэг бол хууль батлах болон баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих явдал. Гэхдээ хуулийн хэрэгжилтэд тавих парламентын хяналт маш хангалтгүй хэрэгжиж ирсэн. Хэлбэрийн хувьд, цөөн тооны хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах эсвэл Засгийн газрын гишүүнд асуулга, асуулт тавихаас хэтэрдэггүй. Хяналт шалгалтын ажлын хэсэг ажилласан ч үр нөлөө багатай, журам, эрх зүйн зохицуулалтын хувьд хязгаарлагдмал байсан.

Саяны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн гол концепцын нэг нь төрийн эрх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангах. Ингэснээр улс төрийн тогтвортой байдлыг бий болгох байсан. Иймээс хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналт буюу хууль, тогтоолын биелэлтийг хангах Засгийн газрын үйл ажиллагаанд тавих УИХ-ын хяналт шалгалтын үр нөлөөг нэмэгдүүлж, хянан шалгах арга хэрэгсэл, үйл явцыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай болсон. 

Мөн нэмэлт, өөрчлөлтөөр “Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Хянан шалгах түр хороо байгуулах санал тавьбал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулах” замаар хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахаар зохицуулсан. Эдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг манай ажлын хэсгээс санаачлан боловсруулж, өргөн мэдүүлсэн.

Хууль батлагдсанаар Засгийн газар хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад, олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн ямар асуудал, ямар нөхцөл байдал үүссэнийг УИХ илүү үр дүнтэй тогтолцоо, арга зам, хэлбэрээр хянаж шалгах эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн Үндсэн хуулиар хуваарилсан төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцэл хангагдаж, Засгийн газрын хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны хариуцлага нэмэгдэж, хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирснаар нийгэм, эдийн засгийн амьдралд эерэг үр дагавар авчирна гэж үзэж байна.

 -УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг явдлыг хориглож, хэргийг цагаатгах, хэрэгсэхгүй болгох эсвэл ялла гэдэг зарчмыг хууль санаачлагчид барьж байгаа. Та энэ үзэл санааг юу гэж үзэж байгаа вэ? 

-Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг оруулж ирсэнтэй холбоотойгоор мөрдөн байцаалтын явцад дутуу хийгдсэн зүйлээр нэмэлт ажиллагаа хийлгэх, яллагдагчийн эрх зөрчигдсөн бол энэ шатанд засуулах буюу прокурорт буцаадаг болгосон. Харин гэм бурууг тогтоох шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргийг дээрх шалтгаанаар прокурорт буцаах шаардлагагүй гэдэг концепц хуульд орж ирсэн.

Энэ нь таны асуусанчлан гэм бурууг нь тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх зарчмыг нэг талаас баталгаажуулж байгаа. Гэтэл нөгөө талаас практикт энэ зохицуулалтыг хэрэглэх гэхээр гэм буруугийн хэргийн хуралдаанаас хэргийг прокурорт буцаах асуудал зайлшгүй гарч байна гэсэн эсрэг байр суурь бий. Шүүх нэг талыг барьж бүрэн бус мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан хэргийг мэдсээр байж эцэслэн шийдвэрлэх, үндэслэлгүйгээр цагаатгасан, эсхүл ялласан шийдвэр гаргах, ингэснээр хохирогч дахин хохирч, нийтийн эрх ашиг, шударга ёс гажуудаж байна гэдэг үндэслэл гаргаж байгаа.

Миний хувьд эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн үндсэн концепцыг дэмждэг хэдий ч үүнийг аль нэг талд нь механикаар шийдэх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Хэргийг бүрэн шалгаж шийдвэрлэх үүднээс анхан шатандаа бол прокурорт буцаая, харин давах болон хяналтын шатанд буцаадаггүй болгоё гэдэг байр суурьтай одоогоор байна. Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг байгуулагдсан. Шүүхийн практик болон хууль эрх зүйн талаас судалгаа, шинжилгээ хийгдэх байхаа. Тэрний үр дүнг харж байж хуулийн төслийн дараагийн хэлэлцүүлгийн шатанд оролцох байр сууриа илүү тодорхой болгоно. 

-Засгийн газарт болон зарим сайдад хариуцлага тооцох тухай асуудал эртнээс яригдаж байгаа. Та ямар бодолтой байна вэ? 

-Энэ удаагийн Засгийн газар үнэхээр дотооддоо төдийгүй, гадаад талдаа ч урд хожид байгаагүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Тиймээс одоогийн Засгийн газрын үйл ажиллагааг бусад Засгийн газар, Ерөнхий сайдтай харьцуулж, сайн, муу ажиллаж байгааг нь хэлэх боломжгүй.

Сөрөг хүчний зүгээс мэдээж Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах нь зүйн хэрэг. Нөгөөтэйгүүр иргэдийн амьдрал, эдийн засгийн нөхцөл байдал цар тахлын үр нөлөөллөөр хүнд цаг үеийг туулж байна. Тиймээс АН-ын гишүүдийн зүгээс Засгийн газарт шүүмжлэлтэй хандах, улс төрийн акц явуулах нь байж болох л асуудал. Миний хувьд энэ цаг үед Засгийн газарт хариуцлага тооцохыг дэмжихгүй.

Цар тахлын үед Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Засгийн газар тогтвортой, тууштай ажиллаж байж, бид цар тахлаас ангижирч, эдийн засгаа сэргээж, хэвийн амьдралдаа шилжинэ. Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр ч энэ зарчмыг баталгаажуулсан. Харин зарим сайд нарт магадгүй хариуцлага тооцох асуудал байж болох юм. Гэхдээ энэ бол Ерөнхий сайдын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал.

ШИНЭ МЭДЭЭ