http 38

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, түүнд холбогдох зохицуулалтын биелэлт”-ийн талаар мэдээлэл сонслоо
2021.05.19
Байгаль Орчин, Аялал жуулчлал

“Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, түүнд холбогдох зохицуулалтын биелэлт”-ийн талаар мэдээлэл сонслоо

“Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, түүнд холбогдох зохицуулалтын биелэлт”-ийн талаар мэдээлэл сонслоо.

Үргэлжлүүлэн  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ”, түүнд холбогдох зохицуулалтын биелэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл  хийв. 

Манай улс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг 1998 онд анх шинээр баталж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх  зорилгоор энэ хуульд 2012 онд шинэчилсэн найруулга хийж Улсын Их Хурлаар батлуулсныг салбарын сайд мэдээлэлдээ онцлоод өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар удирдан зохицуулах үүрэг бүхий Ерөнхий шинжээч-1, үнэлгээ хийх эрх бүхий 28 шинжээчид эрх олгосон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санд бүртгэснээр 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 8815 төсөлд ерөнхий үнэлгээ хийж, дүгнэлт гаргасныг дурдлаа. 

Цаашлаад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллагын эрхийг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 220 аж ахуйн нэгжид олгож, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны архивын бүртгэлээр үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагууд нийт 7889 төсөлд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж, тайланг тус яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийг БОАЖЯ, УУХҮЯ, ЭХЯ, ЭМЯ, ЗТХЯ, МХЕГ, Усны газар, АМГТГ, Цөмийн энергийн комисс, ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэн болон төрийн бус байгууллагын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна гэдгийг мэдээлэлд дурдсан байв.

Түүнчлэн Засгийн газраас бүх төрлийн эрх, тусгай зөвшөөрлийг цахимжуулахтай холбогдуулан төслийн байгаль орчны нөлөөллийн Ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлтийг 2020 оны 10 дугаар сараас цахимаар /E-Mongolia/ хүлээн авч, өнөөдрийн байдлаар нийт 545 хүсэлт ирүүлсэнээс материалын бүрдэл хангасан 386 төсөлд ерөнхий үнэлгээ хийж, дүгнэлтийг төсөл хэрэгжүүлэгчид хүргүүлээд байгааг Н.Уртнасан сайд мэдээлэлдээ онцлоод Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсанаас хойш даруй 10 орчим жил өнгөрч байна. Энэ хугацаанд эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцлов.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Бейсен, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэллээ. 

10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангахгүй шатахуун агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна

Хуралдааны төгсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн мэдээлэл болон хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Энэ талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн хугацаанд хийсэн голлох ажлуудын үр дүнгийн талаарх мэдээлэлдээ, Нийслэлийн Засаг даргын Ажлын албатай хамтран өнгөрсөн 2020 онд 16-100кВт/ц хүртэлх 2293 зуухыг төвлөрсөн дулаан, цахилгаан, сайжруулсан түлшинд, 100кВт/ц-аас дээш хүчин чадалтай дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлтэй 23 аж ахуйн нэгжийн 241 халаалтын зуух, тусгай зөвшөөрөлгүй 279 аж ахуйн нэгжийн 404 халаалтын зуух, нийт 645 халаалтын зуухнаас төвлөрсөн дулаанд 69, цахилгаан халаалтад 44, хийн халаалтад 53, сайжруулсан түлшинд 174, баяжуулсан нүүрсэнд 66 халаалтын зуухыг шилжүүлж 81539тн түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон. Нийслэлийн зүүн бүсэд шинээр барих сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэц, тээвэр, машин механизм, тоног төхөөрөмжид шаардагдах хөрөнгийг холбогдох техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд тулгуурлан улсын төсвөөс 23 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг олгосон. Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр заасныг Засгийн газрын 2020 оны 115 дугаар тогтоолд 100 хувь болгон өөрчлөлт оруулснаар цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг зөвхөн Улаанбаатар хот, 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай 3 суманд үзүүлэхээр шийдвэрлэсний дагуу ОББҮХ-оос цахилгааны шөнийн тарифийн хөнгөлөлтөд 15,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж батлан Эрчим хүчний яамтай хамтран хэрэгжүүлж байна. Дээрх арга хэмжээнүүдийг яаралтай хэрэгжүүлсний дүнд агаар дахь агаар бохирдуулах бодисын 2020 оны жилийн дундаж агууламжийг 2016 оны жилийн дундаж агууламжтай харьцуулсан үзүүлэлтийг агаарын чанарын автомат станцын мэдээллээс үзэхэд PM2.5 тоосонцор 30 мкг/м3-ээр буюу 38, PM10 тоосонцор 38 мкг/м3-ээр буюу 30 хувиар тус тус буурч, хүхэрлэг хий 11 мкг/м3-ээр буюу 30 хувиар, азотын давхар исэл 2016 оныхтой ижил түвшинд байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.  

Тээврийн хэрэгслээс үүдсэн агаарын бохирдлын түвшин, шалтгааныг судлахад 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангахгүй шатахуун хэрэглэснээс агаарын бохирдлыг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл болж байна. Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр 2021 оны Улаанбаатар хотод нийт 621939 хөдөлгөөнт эх үүсвэр байна. Манай улсад ашиглагдаж буй автомашины жилийн дундаж түлш зарцуулалт дэлхийн дундажтай харьцуулахад 1.4 дахин өндөр байгааг Н.Уртнасан сайд мэдээлэлдээ онцлон тэмдэглээд Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа 18 аж ахуйн нэгж, байгууллагын 949 ширхэг автобусны 80 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, 40-өөс дээш хувь нь утаа, тортог их хаядаг болох нь автотээврийн улсын үзлэгээр тогтоогдсон. Иймд нийтийн тээврийн үйлчилгээг дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн шинэ шатанд гаргаж, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд заасан цахилгаан тэжээлтэй автобусыг Монгол Улсад нэвтрүүлэхийг бодлогоор дэмжин гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатай байна гэв. 

Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын ариун цэврийн байгууламж, цэвэрлэх байгууламжийн лаг хаягдлыг байгальд халгүй аргаар шатааж устгах туршилтын төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулахын барилгын жишиг  зураг төсөл, эскизийг боловсруулж, ажлын зураг төсвийн магадлалыг Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хийлгэж батлуулсан. Дээрх батлагдсан зураг төсөлд үндэслэн аюултай хог хаягдал хадгалах байгууламжийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Завхан аймгийн Алдархаан /Багц-1/, Дорнод аймгийн Баянтүмэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Сайншанд /Багц-2/ сумдад барьж ашиглалтад оруулах ажлыг гүйцэтгэгч “Мөнх Өргөө” ХХК, “Цонбонтоосго” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн гэр хорооллын нүхэн жорлонг стандартын дагуу болгох зорилгоор Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 1000, Хан-Уул дүүргийн 1000 жорлонг шинэчлэх ажлыг эхлүүлсэн гэв. 

Хог хаягдлыг бууруулах чиглэлээр хаягдал дугуй боловсруулах болон боломжтой бусад хаягдлыг худалдан авах, дахин боловсруулах төслийг дэмжих ажлын хүрээнд томоохон зах, худалдааны төвүүд, автомашины зах, засвар үйлчилгээ олноор байрших газруудаас 180000 ширхэг хаягдал дугуй татан авалт хийж байгальд ээлтэй аргаар устган, дахин боловсруулж, бүтээгдэхүүнээр нь Нийслэлийн нэр бүхий 13 сургууль, цэцэрлэг сургуулийн цогцолборын 4000 м2 талбайг хавтангаар хучиж тохижууллаа. Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо арилжааны гурван банктай гэрээ байгуулан, нийт 3 тэрбум төгрөгийг байршуулан ногоон зээлийн хүүгийн зардлыг санхүүжүүлэх зээл олгож эхэлснийг салбарын сайд мэдээлэлдээ дурдав. 

Мөн  Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн халамжийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулан Нийслэлийн арван мянган зорилтот бүлгийн 0-240 хүртэлх оноотой өрхүүдэд түлш худалдан авахад шаардагдах 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлэх ажил 2019 оноос эхлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Оршин суух хаягтаа амьдардаггүй шилжин суурьшигч, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй, хөл хорионы улмаас өрхийн орлогогүй болсон зорилтод 7840 өрх тус бүрд 933 тонн сайжруулсан түлшийг олгосон.  “Яндангаа хөөлье” аяныг орон даяар эхлүүлж, Таван толгой түлш ХХК-ний “Хэрэглэгчдэд үйлчлэх” алба хамтран ажиллалаа. Аяны хүрээнд нийслэлийн  зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхүүдийн яндан, зуух, пийшинг хөөлөх мэргэжлийн яндан хөөлөгч 400 гаран залуусыг нийт 12 удаагийн сургалт зохион байгуулж ажилласан. Үүний үр дүнд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 12628 айлын яндан, пийшин хөөлж дотоод агаарын угаарын хийн хордлогын болзошгүй эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлсэн гэж байлаа.  

Цаашид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь хүн амын суурьшлын ерөнхий төлөвлөгөө боловсруулан бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх замаар нийслэлийн хүн амын төвлөрлийг зогсоох, нийслэлд шилжин ирэх хөдөлгөөнийг хязгаарлаж нийслэлийн гэр хорооллын тэлэлтийг зогсоож яндангийн тоог нэмэгдүүлэхгүй байх, нүүлгэн шилжүүлэлт, дахин төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлж, ачаа тээврийн төмөр зам, хурдны авто замын төсөл хэрэгжүүлэх, төрийн байгууллага, их дээд сургуулийг нийслэлээс нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг орон нутаг руу чиглүүлэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар үе шаттай хийхээр ажиллаж байна.

Мөн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн гэр байшингийн халаалтыг хийн болон цахилгаанаар шийдвэрлэхэд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэх, дулаан алдагдлыг бууруулах зорилгоор дулаалгын материалаар хангах ажлыг үе шаттайгаар хийх шаардлагатай байна. Түүнчлэн Евро-5 стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан шатахууны импорт, хэрэглээг дэмжиж Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулаад байна. Хийн түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр хийгээр ажилладаг тээврийн хэрэгсэлд ногдуулах онцгой албан татварыг тэглэхэд анхаарч Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах шийдвэрийн төслийг боловсруулж хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд мэдээллийнхээ төгсгөлд нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор хот, суурин газрын ногоон байгууламжит талбайн эзлэх хувь хэмжээг 2025 он гэхэд 25 хувьд хүргэхээр зорьж байгааг дурдаад, өнгөрсөн хугацаанд хотын ногоон байгууламжийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлснийг онцолсон. Түүнчлэн БОАЖЯ-ны санаачилгаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотоос Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдтэй хамтран “Өрх бүр мод тарья” бүх нийтийн аяныг Улаанбаатар хотод эхлүүлж, гэр хорооллын 200 мянган айл өрхөд 14 төрлийн 25 орчим мянган мод, бут тарихаар төлөвлөж байна. Тарьсан модыг гэрчилгээжүүлж мод арчилж ургуулсан иргэдийг шагнах урамшуулал олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна гэж байлаа. 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэллээ.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен “Агаарын бохирдолтой холбоотойгоор шил, шилэн бүтээгдэхүүн, хуванцар, цаас зэрэг аюулгүй хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг аймаг орон нутаг бүрд, нийслэлд дүүрэг бүрд байгуулахад олон улстай хамтраад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Цөлжилтийг бууруулахын тулд нэн тэргүүнд үүлэнд нөлөөлж, хур бороо оруулах  асуудлыг хөрш орнуудтайгаа яриа хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх”, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун “Орчны бохирдлыг бууруулахад чамгүй хөрөнгө төсөвлөж байгаа.

Иймд цаашдаа салбарын яам далайцтай сэтгэж, өргөн хүрээнд ажиллах шаардлагатай. Ногоон байгууламжийг өргөжүүлэх ажлыг нийслэлээр хязгаарлалгүй аймаг орон нутагт эрчимжүүлэхэд салбарын яам онцгой анхаарах  хэрэгтэй” гэсэн саналуудыг хэллээ

ШИНЭ МЭДЭЭ