http 41

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Мөнхбаатар: Тэтгэврийн сангийн менежментийг төр дангаар хариуцах нь буруу
2020.11.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Мөнхбаатар: Тэтгэврийн сангийн менежментийг төр дангаар хариуцах нь буруу

Эх сурвалж: Өдрийн сонин   Сэтгүүлч Р.Хишигжаргал

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.


-Та нэр бүхий гишүүдтэй хамтарч Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулиар ямар асуудлыг зохицуулсан бэ, ямар ач холбогдолтой вэ?

-Олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бодитоор нэвтрүүлэх, тэтгэвэр авагчид тэтгэврийн орлогын олон эх үүсвэртэй болох, төрийн өмчийн бус тэтгэврийн даатгалын эрх зүйн үндэс бүрдүүлэх зэрэг зорилгоор энэ хуулийн төслийг санаачилсан. Зохицуулалтын тухайд, хувийн тэтгэврийн санд иргэн сайн дураараа шимтгэл төлнө. Хувийн тэтгэврийн сангийн шимтгэл төлөгч тэтгэвэр авах эрхтэй болоход өөрийн төвлөрүүлсэн шимтгэлийн орлогоос тэтгэврээ нэг удаа багцаар нь бөөнд нь, эсвэл одоогийнх шиг хуваарьт хугацаагаар авна. Хэдэн төгрөг тэтгэврийн дансандаа хуримтлуулсан байна түүндээ дүйцэхүйц тэтгэвэр авах боломжтой болно. Хэрвээ шимтгэл төлөгч нас барвал түүний тэтгэврийн дансны хөрөнгө өвлөгдөнө. Анх удаа орон сууц авахдаа тэтгэвэртээ зориулж хуримтлуулсан мөнгөнийхөө 30 хүртэл хувийг зарцуулж болохоор зохицуулалт орсон. Мэдээж хувийн тэтгэврийн санг ажиллуулахад тодорхой зардал гарна.

Дараагийн нэг онцлог бол, шимтгэлийн хуримтлалыг баталгаатай, гадаад улсын болон Монгол Улсын Засгийн үнэт цаас авах гэх мэтээр хөрөнгө оруулалт хийж өсгөж болно. Ийнхүү өсгөсөн ашгийг шимтгэл төлөгчийн тэтгэврийн сангийн дансанд хуваарилна. Хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээнд маш сайн хяналт тавигдана. Гэх мэтчилэн ер нь бусад оронд хувийн тэтгэврийн сан ямар зарчмаар ажиллаж байна, тэр хүрээнд ажиллуулах боломжтой байхаар хуулийн төслийг боловсруулсан. Хэлэлцүүлгийн шатанд төсөл хэрхэн өөрчлөгдөхийг хэлэх боломжгүй байна. Харин төрөөс ажиллуулж байгаа тэтгэврийн сангийн хувьд бол, байх ёстой. Энэ нь сайн дурын биш албан журмын тэтгэврийн даатгалын сангийн тогтолцоо. Хүн бүрийн цалин хөлс, түүнээс төлөх хураамж, хэрэгцээ, шаардлага нь ялгаатай боловч хүн бүр наад захын тэтгэврийн даатгалд заавал хамрагдаж, төрөөс тогтоосон хэмжээгээр тэтгэвэр авч байх нь чухал.

Иймээс энэ сан ажилдгаараа ажиллаж, иргэд шимтгэлээ төлнө. Гэхдээ мэдээж уг сангийн үйл ажиллагаа нь илүү боловсронгуй болох, цаашлаад албан журмын шимтгэлээр олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх ёстой.

-Хувийн тэтгэврийн сан байгуулахдаа иргэдийн НДШ-ийг хоёр хувааж, долоон хувийг нь Хувийн тэтгэврийн сан руу шилжүүлж байгуулах юм билээ. Учир нь юу вэ?

-Одоогийн төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс дөрвөн хувь буюу ажил олгогч, ажилтны тус тусын төлж байгаа шимтгэлээс 2,2 хувийг ажилтан өөрөө хүсвэл хувийн тэтгэврийн санд төвлөрүүлэх боломжтой гэж хуулийн төсөлд тусгасан. Энэ нь одоо шимтгэл төлж ажиллаж буй иргэн, ажил олгогчид нэмэлт дарамт үүсгэхгүй. Ер нь бол тэтгэврийн тогтолцоо сайн хөгжсөн улс орнуудад тэтгэврийн сангийн гурван шатлалт тогтолцоо ихэвчлэн байдаг. Манай улсын нийгмийн даатгалын тогтолцоо нь эв санааны нэгдлийн зарчимтай, нэг л давхаргат тогтолцоо юм. Энэ хүрээнд шимтгэл төлж явсаар тэтгэвэрт гарахдаа гол төлөв нийтэд нь тэгшитгэн хуваарилсан, бага хэмжээний тэтгэвэр тогтоож олгодог.

Нөгөө талаас төрийн тэтгэврийн сангийн санхүүгийн менежмэнт зохистой хийгдэхгүй байгаа, шимтгэл төлж ажиллахыг урамшуулах, хувь оролцоо, шимтгэлд суурилсан тэтгэвэр тогтоох аргачлал боловсронгуй болоогүй. Даатгалын тогтолцооны захиргааны болон үр өгөөжгүй зардлыг бууруулах алхмуудыг авалгүй удааширч байна. Эдгээр олон хүчин зүйл, нөхцөл шалтгааны улмаас гарч буй үр дагавар бол иргэнд хангалттай тэтгэвэр олгож чадахгүй байгаа өнөөгийн нөхцөл юм. Гэтэл энэ ачааллыг иргэд, ажил олгогчид үүрч байгаа, иймд төр бодлогоор тодорхой алхмыг нэн даруй авах нь чухал.

Энэ агуулгаараа ч ганц төрийн албан журмын даатгалын тогтолцоо хүн бүрийн хэрэгцээг хангаж чадахгүй, боломжгүй юм. Тиймээс иргэдэд боломжийг нээж, сонголтыг бий болгох нь зөв гэж үзэж байна. Хувийн тэтгэврийн санд шимтгэлийн тодорхой хувийг шилжүүлснээр иргэн төрийн албан журмын даатгалын сангаас олгох тэтгэвэр дээрээ нэмж хувийн тэтгэврийн сангаас тэтгэвэр авах тогтолцоог бий болгоно. Хувийн тэтгэврийн санд хуримтлагдсан хөрөнгө тухайн шимтгэл төлөгчийн өөрийн хөрөнгө болно гэж ойлгож болно.

-Энд ямар нэг ашиг сонирхол яваад байна уу гэж зарим гишүүд шүүмжилсэн. Ер нь Монголын хувийн компаниудад олон жил ажилласан түүх байдаггүй (тоотой нэг, хоёрхон компанийг эс тооцвол) шүү дээ. 100 жил явах итгэл, баталгаа бий юү. Дампуурчихвал яах юм бэ?

-Төр тэтгэврийн сангийн менежмэнтийг дангаар хариуцах нь хангалтгүй байгаа учир хувийн тэтгэврийн даатгалын санг бий болгон, хөгжүүлэх нь зүйтэй. Одоо парктикт цөөн тооны хувийн компаниуд хувийн тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнүүд бий болгож эхэлсэн. Урт хугацаат даатгалын бүтээгдэхүүнүүд гаргаад ажиллаж байна. Энэ бол сайн зүйл.

Гэхдээ эдгээр сангууд урт хугацааны хувьд эрсдэлээ бүрэн хариуцаж чадах уу, хэрхэн яаж хянаж, хэн, ямар хариуцлага үүрч ажиллах вэ гэдэг нь яг тухайлсан эрх зүйн зохицуулалтгүй. Энгийнээр хэлбэл, байгалийн шалгарлын хуулиар л явж байна гэж харагдаж байна. Гэтэл төр энэ үүсээд буй нөхцөл байдалд маш мэдрэмжтэй хандаж хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлагатай. Үүнийг хийсэн улс орнуудын туршлагаас сайныг нь авч, алдаанаас суралцаж энэ системийг ямар ч байсан эхлүүлэх, тунхаглаад байх бус ажил болгох ёстой юм. Энэ хуулийн төсөлд төрийн болон хувийн тэтгэврийн даатгалын байгууллагуудын харилцаа, хяналт, оролцогч байгууллагуудын эрх үүргийн хуваарийг тодорхойлсон. Хувийн тэтгэврийн сан байгуулахад тавигдах шаардлага, нөхцөл, хэрхэн хөрөнгийг удирдах, хяналтын механизм болон уг сангуудын ил тод байдал, санхүүгийн тайлагналт, маргаан үүсвэл хэрхэн шийдвэрлэх, тэтгэврийг хэрхэн тогтоож олгохтой холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Хамгийн гол хяналт нь өөрөө хуулийн зохицуулалт нарийн, тодорхой байх явдал. Тухайлбал, сангийн хөрөнгөөр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийж болохгүй гэх мэт. Мөн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд үнэт цаасны мэргэжлийн оролцогчдыг заавал оролцуулах шаардлага тавина. Хувийн тэтгэврийн сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг санд шимтгэл төлөгчдөөс томилно гэх мэт зохицуулалтууд байгаа.

Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны төрийн зохицуулалтын байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байна. Хэт олон сан үүсч, хяналт тавих, зохицуулах боломжгүй болох, сан өөрөө тогтвортой ажиллах чадваргүй болохоос сэргийлж, нэг цаг хугацаанд хэдэн сан ажиллаж болохыг хуульд тусгайлан зааж өгсөн.

Гэхдээ хуулийн төслийг мэдээж төгс төгөлдөр болчихлоо гэж хэлж болохгүй. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдээс мөн мэргэжлийн байгууллага, иргэд олон нийтээс бүх талын санал, шүүмжлэл, зөвлөгөөг сонсож, төслөө засаж сайжруулж гаргана.

Нөгөө талаас зөвхөн хувийн тэтгэврийн даатгалын компанийн тухайд ч биш ерөнхий агуулгаараа компанийн засаглал, хяналт, хариуцлага, дампуурал, компанийг дахин хөрөнгөжүүлэх гэх харилцааг зохицуулдаг хуулиудыг боловсронгуй болгох шаардлагатай. Энэ чиглэлийн хуулийн төслүүд холбогдох яамд дээр боловсруулагдаж байгаа юм байна лээ.

Харин үүнтэй холбоотой хувийн ямар нэг ашиг сонирхол байхгүй гэдгээ тодорхой илэрхийлье.

-Та бүхний өргөн барьсан төсөл нь одоогийн тогтолцоог эвдэх гээд байна гэж УИХ-ын зарим гишүүд шүүмжилсэн. Н.Учрал гишүүн няцааж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү. Гишүүд ямар асуудлыг харчихаад шүүмжлээд байгаа юм бэ?

-Өнөөдрийн тогтолцоог эвдэж байж л тэтгэврийн даатгалын тогтолцоо шинэчлэгдэнэ гэж үзэж байна. Өнөөгийн тэтгэврийн тогтолцоо нь одоогийн тэтгэвэр авагчдын амьдралын баталгаа болж чадахгүй байгаа төдийгүй, ирээдүйд тэтгэвэр авахаар нийгмийн даатгалын шимтгэлээ төлж байгаа хүмүүст ч үр ашиггүй байна. Одоогийн байдлаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, бүрэн бус тэтгэврийн доод хэмжээ нь 300 мянган төгрөг байна. Харин нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн дундаж хэмжээ 409 мянган төгрөг л байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг шүү дээ. 2019 оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар дундаж цалин 1124,3 мянган төгрөг гэж гарсан. Дундаж цалинг дундаж тэтгэврийн хэмжээтэй харьцуулбал, тэтгэвэр нь цалингийн дөнгөж 36,3 хувь байна. Ажиллах үедээ авч байсан цалингийнх нь тал хувийг нь ч тэтгэвэр нь гүйцэхгүй байна.

Хөдөлмөр эрхэлж буй хүмүүс тэтгэврийн даатгалд бүрэн хамрагдаж чадаагүй, төрийн тэтгэврийн сангийн санхүүгийн менежмэнт зохистой хийгдэхгүй байгаа, тэтгэвэр тогтоох аргачлал оновчгүй, төрийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг авахад хүндрэл бэрхшээл ихтэй байсаар байна.

Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын сан маань ч өөрөө улсын төсвөөс 2018 онд 609,817.7 сая төгрөг, 2019 онд 605,492,8 сая төгрөг, 2020 онд 399,417,6 сая төгрөгийг татаасаар авч байна. Цаашид энэ тоо бүр л өсч, улсын төсөв дийлэхээргүй хэмжээнд хүрнэ.

Бас нэг анхаарах асуудал бол, Монгол Улсын хүн ам зүйн цонх үе удаан үргэлжлэхгүй, 2030 оноос хаагдах шат руугаа орно. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 1970-1980 оны сүүл хүртэл их төрөлтийн үед төрсөн хүүхдүүд ид ажил хөдөлмөр эрхэлж шимтгэл төлөгчдийн тоо яг одоо тэтгэвэр авагчдын тооноос илүү байгаа юм. Харин 2030 оноос эхлэн энэ цонх гэж нэрлэгдэх үе хаагдаж, шимтгэл төлөгчдийн тооноос тэтгэвэр авагчдын тоо илүү гарна гэсэн үг. Хүн амын насжилт нэмэгдэж, тэтгэврийн насны хүн амын эзлэх хувь ихэснэ. Энэ үе эхлэхийг мэдэж, харсаар байж бид үүнийг угтсан бодлого хэрэгжүүлэлгүй алгуурлаж болохгүй.

Иймээс энэ хууль хэрвээ батлагдвал өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт орно. Ер нь зөвхөн хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлээд зогсохгүй төрийн тэтгэврийн даатгалын тогтолцоонд бас ч шинэчлэл хийгдэх л ёстой.

-Олон тулгуурт тогтолцоонд шилжсэнээр тэтгэврийн зөрүүтэй байдал арилах уу. Хууль батлагдлаа гэхэд тэтгэвэр авч байгаа одоогийн ахмадуудад энэ хууль үйлчлэх үү?

-Хувийн тэтгэврийн тухай хууль батлагдвал одоогийн шимтгэл төлөгчдөд болон ирээдүйд шимтгэл төлөх иргэдэд хамаарна. Харин одоо тэтгэвэр авч байгаа ахмадуудын тухайд нэгэнт нийгмийн даатгалын шимтгэлээ ажиллаж байх үедээ төлчихсөн учир төрөөс тэтгэвэрээ авна. Ахмадуудын, өнөөгийн тэтгэвэр авагчдын тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг төрөөс шат дараатай авч байгаа арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой. МАН ирэх дөрвөн жил суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх, “насны хишиг” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтоох зэрэг арга хэмжээг авахаар амласан. Тиймээс эдгээр ажлуудын хүрээнд одоогийн тэтгэвэр авагч ахмадуудын маань тэтгэврийн асуудал шийдвэрлэгдэх учиртай.

-Иргэн хувийн тэтгэврийн санд мөнгө хуримтлуулахгүй байх сонголт бий юү?

-Хувийн тэтгэврийн сангийн тэтгэврийн даатгалд хамрагдах эсэх нь сайн дурын иргэдийн өөрсдийн сонголт байхаар хуулийн төслийг боловсруулсан. Иргэн хүсвэл шимтгэлээ хувийн тэтгэврийн санд төлж болно, хүсэхгүй бол улсын тэтгэврийн сандаа төлнө. Магадгүй хувийн тэтгэврийн санд шимтгэл төлж байгаад болихоор шийдвэл хураасан хуримтлалаа аваад больчихож болно.

ШИНЭ МЭДЭЭ