http 6
2014.12.12
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Төсөв 1 их наядаар тасарчихсан байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийн төсөл хийгээд холбогдох бусад хуулийн төслүүдийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ оны төсөвт тодотгол хийхдээ татварын орлогын төлөвлөгөөг 2.2 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Мөн Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15.0 сая ам.доллар, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.доллар төлсөнтэй холбоотой ХХС-гийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7,433.8 сая төгрөгөөр нэмж батлуулж, Сангийн 2012 оны төсөвт гаргасан бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 21,413.3 сая төгрөгөөр нэмж батлуулах. Хүний хөгжил сангаас хаах урьдчилгаа төлбөрийн цэвэр дүнг 81,537.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангийн урьдчилгаа төлбөрт хаагдаж байгаа улсын төсвийн орлогын хэмжээг 119,145.8 сая төгрөгөөр бууруулах, Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нэмж 320,000.0 сая төгрөгийн бонд гаргахаар тус тус төсвийн тодотголд тусгажээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “2015 оны төсвийг 1 их наяд төгрөгөөр танах шаардлага байгаа. Мөн 2014 оны төсөв 1.1 их наяд төгрөгөөр тасарсан. Гэтэл 2014 оны төсвийн тодотголыг яагаад бодитой тооцож оруулж ирж чадсангүй вэ. Энэ онд дотоод бонд хэдийг гаргав. Төрийн сангийн мөнгөн хадгаламж гэж байна уу, хэдэн арилжааны банкинд хадгаламж байна вэ. Хувийн хэвшлүүд хөрөнгөө гаргаад улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг хийчихсэн байтлаа ажлын хөлсөө авч чадахгүй байна. Төсвийн гүйцэтгэлээс хэдийг гаргаад, он дуусахад хэдийг санхүүжүүлэх боломжтой байна вэ. Эрүүл мэндийн ажилтнууд цалингийн нэмэгдлээ хугацаандаа авч чадаагүй тухай яригдах боллоо. Цалин, тэтгэврийн нэмэгдлийг улсын хэмжээнд олгож чадсан уу. Он дуустал цалин, тэтгэврийг цаг хугацаанд нь олгоод явах бололцоо байна уу” гэсэн асуулт тавив.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Ний нуугүй хэлэхэд төсвийн орлогыг бодитойгоор тооцох боломж байсангүй. Ажлаа хүлээж аваад 2 хонож байна. Эхний ээлжинд бүтэц, бүрэлдэхүүнтэйгээ холбоотойгоор тулгамдсан асуудлаа оруулж ирсэн.

Төрийн сангийн мөнгөн хадгаламж  220 орчим тэрбум төгрөг байгаа. Цалингийн зардлыг 100 хувь олгосон, эмнэлэг эрүүл мэнд, онцгой, цагдаа зэрэг байгууллагын зайлшгүй санхүүжүүлэх ёстой санхүүжилтийг 100 хувь санхүүжүүлсэн” гэсэн хариулт өглөө.

Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Ганцог “2014 онд төсвийн байгууллагынхны цалинг үе шаттай нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн нэмэгдэл өнгөрсөн аравдугаар сараар дууссан. Төрийн сангийн мөнгөн хадгаламж болох 202 тэрбум төгрөгийг нийт таван банкинд барйшуулсан, оны эцэс болсон учраас хадгаламжийг банкуудаас татаад дууссан. Сангийн яаманд одоогоор 80 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хүлээгдэж байна, долоо хоног тутамд санхүүжилт гаргаж байна” гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ