http 6
Ойн тухай хууль "хатуудаж" байгааг гишүүд хэлэв
2014.12.11
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ойн тухай хууль "хатуудаж" байгааг гишүүд хэлэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.12.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлснээр Монгол орны ойн сангийн ойгоор бүрхэгдсэн талбай 1524,14 мянган га талбай бүхий таримал ойгоор нэмэгдэж, ойрхог чанар 9,0 хувьд хүрнэ; ойн тогтвортой менежмент бий болж, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд чанарын ахиц гарч, экологийн ач холбогдол бүхий эрүүл ой бий болно. Ойн экосистем, биологийн олон янзын хамгаалалт сайжирна. Монгол орны говь, тал хээрийг ойжуулах агро-ойн аж ахуйн үндэс тавигдана. Ойн дагалт баялгийн ашиглалтыг сайжруулах замаар хүн амын хүнсний хангамж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг төсөл санаачлагч дурдлаа.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Асуулт, асууж, санал хэллээ.

Г.Батхүү: Хуулиар олборлохыг хориглоно гэж байхад бодлого нь яагаад олборлож болно гэв

Орж ирж байгаа бодлогыг хархаар хууль бусаар ойгоос мод олборлохыг 2020 онд 50 хувь, 2030 онд 80 хувиар буруулна гэж. Ойн тухай хуульд модыг хууль бусаар олборлохыг хориглочихсон шүү дээ. Хуулиар олборлохыг хориглоно гэж байхад бодлого нь яагаад олборлож болно гэж байгаа юм шиг орж ирж байгаа юм бэ.

Манайд ойн модны 70 гаруй хувь хөгширчихсөн байгаа. Байгаль хамгаална гэдэг бол харж суух биш юм. Хөгширсөн модыг ашиглах ёстой. Хамгаалах чиглэлээр бодлогод юу юу туссан вэ. Тухайлбал Өвөрмонголд ойн зурвасуудад газар тариалангийн талбай байгуулаад нэг ойгоос нөгөө ойр руу түймэр тархахаас хамгаалдаг. Нөгөө талаас ойн байцагч гэж мэргэжил мэдлэг тийм сайнгүй, тухайн орон нутгийнхаа ах дүү нарын нэг байдаг, хариуцлага өндөр биш, цалин багатай, тоног төхөөрөмж, бие хамгаалах зүйлгүй байдаг. Энд бодлогод бүгдийг тусгах хэрэгтэй. Бодлого цогц харагдахгүй байна.

Л.Энх-Амгалан: Энэ бодлого бол хуулийг арай зөөлчилсөн байдлаар орж ирж. 

Ойн тухай хууль их хатуу хууль. Хөдөө орон нутагт хашаа хороогоо шинэчлэх, хүүхэддээ айл гэр болоход нь нэг торх бэлтгэх гэхээр бүх эрхүүдийг нь хаачихсан байдаг. Энэ бодлого бол хуулийг арай зөөлчилсөн байдлаар орж ирж. Тэгэхээр бодлого гарсны дараа хуулиа өөрчлөх гэж байна уу? Төр иргэдийн тарьсан модыг худалдаж авдаг болсон. 1га-г нэг сая төгрөгөөр авахаар байгаа. Энэ нь урамшуулалт болж чадахгүй байгаа.

Энэ өртөгнөөсөө хамаагүй бага. Би орон нутагт очоод иргэдэд та бүхэн ганц мал маллаж орлого олдог биш мод тарьж мөнгө олох боломжтой байгаа шүү гэж хэлдэг. Харамсалтай нь нөгөө хүмүүст энэ нь яг урамшуулалт болж чадахгүй байна. Малчдын хэрэглээнд өгч байгаа гоожингийн хэмжээ хэрэглээг нь хангаж чадахгүй байна. Сүүлийн 20-30 жил малчдын өвөлжөө хаваржаа шинэчлэгдээгүй. Энэ нь малчдад өгч байгаа гоожингийн хэмжээ хаана ч хүрэхгүй байгаатай холбоотой юм.Үүнийг нэмэх зайлшгүй шаардлага байгаа.Үүнийг хэрхэх вэ.

Ц.Даваасүрэн: Иргэдийн ярьж буй зүйл, ТББ-ын санал хир хэмжээгээр тусгагдсан вэ?

Ойн хуулийн асуудал ой модтой орон нутгуудын хувьд чухал байдаг юм. Говиос сонгогдсон гишүүд анхаарах зүйл биш л дээ. Ойн нөөцийн 30-аад хувь манай тойрогт байдаг. Энд үүсэж байгаа асуудал нилээд төвөгтэй байдаг. Энэ орж ирж байгаа бодлого дээр иргэдийн ярьж буй зүйл, ТББ-ын санал хир хэмжээгээр тусгагдсан вэ?

Д.Ганхуяг: Бодлого, хууль, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гэдгийг хооронд ялгах хэрэгтэй

Бодлого, хууль, хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гэдгийг хооронд ялгаж,  нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй. Бодлогоо гаргачхаад эрхзүйн хэм хэмжээнд тохируулж хуульд өөрчлөлт оруулдаг. Бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь хөтөлбөр, бүүр нарийвчлсан нь  хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө юм. Тэр өнцгөөс нь хархаар хөтөлбөрийн зорилт, арга хэмжээний зорилт гээд хэдэн хэдэн тоо тавьж. Үүнийг хэлэлцүүлгийн явцад хараарай. Ийм тоо чинь хөтөлбөр, хөтөлбөрийнхөө зорилт дээрээ тавигдах ёстой юм. Ой хамгаалахтай холбоотой орон нутгийн болон улсын төсвөөс ямар хэмжээний хөрөнгө гарч байна вэ?

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан бодлогын баримт бичиг нь Ойн тухай хуультайгаа уялдаатай байхад анхаарах, ойн менежментийг шинэ шатанд гаргах зохицуулалтыг тусгаж өгөх, манай орны ойн 70 хувь нь хөгширсөн, цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай гэсэн судалгаа дүгнэлт байгаа учраас энэ ажлыг хэрэгцээтэйгээ уялдуулж орон нутгийн нөхцөл байдалд зохицуулж зохион байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд Төрөөс ойн талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэх эсэх талаарх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдааны эхэнд шийдвэрлэхээр болж үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа 

ШИНЭ МЭДЭЭ