http 6
Иргэний эрүүл мэндийн даатгалын хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар хэлэлцлээ
2013.05.08
Эрүүл мэнд

Хууль батлагдсанаар даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгоно

МҮОНТВ-ийн Парламентийн хэлэлцүүлэг нэвтрүүлгээр иргэний эрүүл мэндийн даатгалын хууль эрх зүйн орчныг цаашид шинэчлэх ямар боломж, нөхцөл байна. Хуулийн өөрчлөлтийг хийхдээ ямар зарчим баримтлах хэрэгтэй вэ гэдэг асуудлыг хөндлөө.

Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчлэлийг хийхдээ иргэдэд яаж чанартай, хүртээмжтэй үйлчилгээ хүргэх, бодит боломжийг бүрдүүлэхэд ямар зохицуулалтыг хийх ёстой вэ? Өнөөдөр болохгүй, бэрхшээлтэй, шүүмжлэгдээд байгаа асуудлууд эрх зүйн талын зохицуулалт боловсронгуй бус байгаатай холбоотой гэж үзэж байна уу?

УИХ-ын гишүүн, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ:

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой санал, гомдол хамгийн их ирдэг.

Иргэний эрүүл мэндийн даатгалын  хуулийн хэрэгжилт, иргэний эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой даатгуулагч иргэдээс ирдэг санал, гомдол их байдаг.

Эмнэлэг, эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагаар яваад шалгаад үзэхэд даатгуулагчдын гаргаж байгаа гомдол 100 хувь үндэслэлтэй харагддаг.

Эмнэлгийн үйлчилгээний чанар сайжрахгүй байгаа нь менежментийн бодлого нь буруу байгаатай холбоотой. Нөгөө талдаа эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь буруу. Эцэст нь дүгнээд хэлэхэд зах зээлийн зарчимд нийцсэн өрсөлдөөн эрүүл мэндийн салбарт байхгүй байна.

Энэ тогтолцооны бусад талын өөрчлөлтийг хийхдээ хамгийн оновчтой зөв гарцыг хуулийн төсөл дээр ямар агуулгаар илүү тусгасан бэ?

Энэ хуулийг санаачлах болсон гол шалтгаан бол иргэний эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нь шинэчилэх. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор дамжуулан эрүүл мэндийн салбарын санхүүгийн менежментийг боловсронгуй болгох юм.

Хуулийн гол үзэл баримтлал нь даатгуулагчийг хаанд өргөмжлөх

Хуулийн гол үзэл баримтлал нь даатгуулагчийг хаанд өргөмжилсөн, даатгуулагчаас бүх зүйл нь хамааралтай байх тогтолцоог бий болгох.

Хууль батлагдсанаар даатгуулагч өөрөө эмчилгээ үйлчилгээгээ сонгох, эмчилгээ үйлчилгээнийхээ төлбөрийг гүйцэтгэлээр санхүүжүүлэх эрхтэй болно. Мөн эрүүл мэндийн даатгалын байгууллага даатгуулагчийн зөвшөөрсөн гүйцэтгэлийг мониторингийн үнэлгээгээр хийдэг болно.

Хуулийн төслийн даатгуулагчийн хамааралтайгаар цаашдаа тусламж үйлчилгээ авах зарчим дээр ажлын хэсгийн гишүүд байр суурь нэг байгаа юу?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын шинэчлэл Хууль эрх зүйн, хөрөнгө оруулалтын, хүний нөөцийн, санхүүгийн шинэчлэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хийгдэж байгаа. Энэ дөрвөн шинэчлэл амжилттай хийгдэх эсэх нь хуулийн эцсийн үр дүнгээс шалтгаалж байгаа.

Иргэдийн 51 хувь нь өөрсдийн зардлаар эмчлүүлдэг.

Хуулинд сангийн зарцуулалтын талаар, оношийн бүлгээр яаж эмчилгээ тусламж үзүүлэх вэ гэдэг сайн орсон. Орлого бүрдүүлэх тал дээр судалгаа хийж байгаа.  Бид зорилтот бүлгээ зөв тодорхойлох ёстой. Эрүүл мэндийн салбарын энэ асуудлууд хавтгайрсан халамж бас нөлөөлсөн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Даатгалын гол утга нь ард иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах.  Гэтэл иргэдийн 51 орчим хувь нь эмнэлгээр үйлчлүүлэхдээ өөрсдөө зардлаа төлдөг гэсэн судалгаа байгаа.

Зөв даатгалыын тогтолцоо бий болвол иргэдээ эрсдэлээс хамгаалах боломжтой болно. Цаашид эрүүл мэндийн даатгалд олон нэр төрлийн тэр дундаа өндөр үнэтэй эмчилгээг хамруулах  тогтолцоо руу шилжих нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Шинэ хуулийн төслөөр даатгалын сангаас үзүүлж байгаа үйлчилгээний төрөл нэмэгдэх үү?

Манай өндөр өртөгтэй хагалгаа 100 хувь гадаад зах зээлрүү явж байгаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний тодорхой хувийг даатгалаас санхүүждэг байх нь зүйтэй. Тэгэхгүй бол манай өндөр өртөгтэй хагалгааны 100 хувь гадаад зах зээлрүү яваад байгаа.

Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, хавдрын зарим үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ зэргийг бүгдийг хамруулах биш тухайн жилийн сангийхаа орлогоос шалтгаалж хамруулах заалт байгаа. Мөн даатгалын хууль хэрэгжсэнээр үнийг хязгаарлах, хяналт тавих боломж бүрдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ