“Сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулах” тухай хэлэлцүүлэг өрнүүллээ
2023.03.09

“Сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулах” тухай хэлэлцүүлэг өрнүүллээ

Баянгол дүүргийн ИТХ-ын Иргэний танхимд Улсын Их Хурал, Нийслэл, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдсон эмэгтэй гишүүн, төлөөлөгчдийн санаачилгаар “Сургуулийн орчин дахь хүчирхийллийг бууруулах” тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургуулийн Захирал, Сургалтын менежер, Нийгмийн ажилтан, Сэтгэл зүйчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. 

Энэ удаа сургууль орчимд гардаг аливаа төрлийн гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийг таслан зогсоох, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, гарц шийдлийн талаар ярилцаж, холбогдох хуулиудад тусгах шардлагатай саналууд дээр тодорхой үндэслэлтэй ярилцлаа. 

Хэлэлцүүлгийн үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ:

“Баянгол дүүргийн ГХУСАЗСЗ-ийг тэргүүлэн ажилладгийн хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, сургууль, хүүхэд, гэр бүлд чиглэсэн соён гэгээрэл, нөлөөллийн ажлуудад түлхүү анхаарахаа өмнөх уулзалтуудад тодорхой хэлж байсан.

Тэр зарчмаар өнөөдөр Баянгол дүүргээс хууль тогтоох дээд байгууллага УИХ, НИТХ, ДИТХ-д сонгогдон ажиллаж буй эмэгтэй гишүүн, төлөөлөгчид бид хамт “Сургуулийн орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр”, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдлийг нээлттэй ярилцах уулзалтад та бүхнийгээ урьсан.

Түүнчлэн тун удахгүй зөвхөн нийгмийн ажилтнуудаа хүлээн авч, хойшид хийж хэрэгжүүлэх ажлууддаа ажил хэрэгч саналуудыг тусган хэрэгжүүлье. Гуравдугаар сарын 12-ны дотор та бүхэн саналуудаа нэгтгэж өгнө үү. Тухайн саналаас УИХ-ын гишүүн, төлөөлөгч эмэгтэйчүүдийн санаачилсан ажлуудад уялдуулж болохыг нэгтгэх, ямар ажлыг тусад нь зохион байгуулах тал дээр төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллая.

Дүүргийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд нам эвсэл үл хамааран эмэгтэйчүүд нэгдэж, манлайлал үзүүлэн ажиллах, аливаа оновчтой санал санаачилгуудыг дэмжин тодорхой хугацаанд чамлалтгүй үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна. Хамтдаа хичээн ажиллацгаая” хэмээн уриалаад Баянгол дүүргийнхээ нийт эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг уламжилсан юм.