Л.Энх-Амгалан: Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг нь үнэлдэг болно
2023.02.16

Л.Энх-Амгалан: Сурагчдад дүн тавьдаг тогтолцоог халж, ахиц дэвшлийг нь үнэлдэг болно

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас боловсролын салбарт баримталсан бодлого, цаашдын зорилгын талаар мэдээлэл өгөх уулзалт энэ сарын 14-нд болсон. 

Энэ үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан "Бид өнгөрсөн хугацаанд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаанд чанарын үнэлгээ хийсэн. Боловсролын чанарын үнэлгээг улс орон даяар зохион байгуулсан бөгөөд бүх багш, сурагчийг хамруулахыг зорьсон. Улмаар сургуулийн үнэлгээ, багшийн үнэлгээ, сурагчийн үнэлгээг тус тус хийлээ.

Боловсролын үнэлгээнээс гарсан гол дүгнэлтээс харахад хүүхэд өөрийнхөө авах ёстой мэдлэг, ур чадварынхаа дөнгөж 50 хувийг л авч байна. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд тутмын нэг нь сурлагын хоцрогдолтой байна гэсэн үг. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм нөхцөл байдал. 

Хот, хөдөө болон төр, хувийн хэвшлийн сургуулийн чанарын ялгаа маш их үүсэж байна. Сурагч анги дэвших тусам хоцрогдол бий болдог. Сурлагын хоцрогдол бий болсноор анги өсөх тусам сурах сонирхолгүй болдог гэсэн дүгнэлт чанарын үнэлгээгээр гарсан. Тиймээс ирэх намар хичээлийн жил эхлэхэд гарааны үнэлгээ буюу хүүхэд бүрийг нэг гараанаас тэгш гаргах боломжийг олгодог үнэлгээг хийж байгаа. 

Монгол Улсад сурагчдад дүн тавьдаг тогтолцоог хална. Цаашлаад хүүхдүүдийн ахиц дэвшлийг үнэлдэг тогтолцоо руу шилжүүлж байгаагаар онцлогтой ажил болж байгаа" хэмээн хэллээ. 

Тэрбээр үргэлжлүүлэн Боловсролын багц хуулийн төслөөр дараах өөрчлөлтийг хийхээр зорьж байгааг хэллээ. Үүнд: 

  • Сургуулиудын (төрийн-хувийн, хот-хөдөөгийн) чанарын ялгааг арилгана. Хаана амьдарч, ямар сургуульд сурч байгаагаас үл хамаарч чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлнэ.
  • Дүнгийн тогтолцоог халж, ахиц амжилтын үнэлгээг нэвтрүүлэн, хүүхдүүдийг олимпиадад биш амьдралд бэлддэг тогтолцоог бий болгоно.
  • Сургууль, цэцэрлэгийн удирдлагыг улс төрчид томилдог тогтолцоог халж, мэргэжлийн сонгон шалгаруулалтын тогтолцоонд шилжүүлнэ.
  • Газар зүйн мэдээллийн системд (School mapping) суурилсан хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг бий болгоно. Сургуулийн хэв, шинжийг зөв тодорхойлно.
  • Үр дүнд суурилан санхүүжилтийн тогтолцоонд шилжиж, сургуулиа биш сурагчаа дагадаг хувьсах зардлын тогтолцоонд шилжинэ.
  • Багш бэлтгэдэг, багшийг тасралтгүй хөгжүүлдэг тогтолцоог бий болгоно. Сайн багш өндөр цалин, гүйцэтгэлийн урамшуулал авдаг болно гэв.